Өмнөд Солонгосын алдарт Blackpink хамтлагийнхан Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулжээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёль Их Британид айлчлахдаа К-рор оддыг дагуулан явсан аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Британийн хаантай уулзах үеэр III Чарльз Солонгосын поп соёл дэлхий даяар алдартай болсон талаар ярьсан байна.
Түүнчлэн Blackpink хамтлагийнхан экологийн төслүүдийг дэмждэг гэдгийг хаан онцолжээ. Их Британийн хаан өөрөө цаг уур, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал дээр ихээхэн анхаардаг гэдгээрээ алдартай юм.
"Тэд дэлхийн хэмжээний супер од байхын зэрэгцээ ийм амин чухал асуудалд ихээхэн анхаарал хандуулж чадаж байгааг нь хараад бишрэхээс өөр аргагүй" хэмээн Их Британийн хаан III Чарльз мэдэгджээ.
Британийн эзэнт гүрний одонг өмнө нь поп дуучид хүртэж байсан тохиолдлууд бий. Поп дуучид энэ одонг хүртсэн хамгийн анхны тохиолдол нь 1965 онд гарч байлаа. Тухайн үед энэ одонг Битлз хамтлагийнханд гардуулж байв.
Энэ удаад Британийн эзэн гүрний одон хүртсэн Blackpink хамтлагийнхан цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх СОР дээд хэмжээний уулзалтад элч төлөөлөгчөөр оролцон, тогтвортой хөгжлийн салбар дахь НҮБ-ын зорилгыг сурталчилж, олон сая залуу үеийнхэнд экологийн асуудлыг ойлгуулахад тус нэмэр болсныхоо төлөө Британийн энэхүү хүндэт шагналыг хүртжээ.
Одон гардуулах ёслол лхагва гарагийн өглөө, Букингемийн ордонд, хамгийн хүндэт зочдыг хүлээн авдаг танхимд болж өнгөрсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |