Ниагарын хүрхрээг дайрч, АНУ, Канадыг холбодог гүүрний Америкийн талын хэсэг дээр дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдсан талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо машин дэлбэрч хоёр хүн амиа алдан, нэг хилчин гэмтсэн байна. Энэ хэргийн дараа дөрвөн шалган нэвтрүүлэх цэгийг хааж, Буффало Ниагара олон улсын нисэх буудал дээр бүх машиныг зогсоон, үзлэг хийж, зорчигчдыг шалгажээ.
Дэлбэрэлтийн дараа энэ хэргийг алан хядах ажиллагаа байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байсан ч Нью-Йорк мужийн захирагч Кэти Хокул энэ мэдээллийг няцаасан байна.
"Тухайн осолд алан хядах ажиллагааны шинж тэмдэг огт байхгүй" хэмээн Хокул мэдэгдээд амиа алдсан хоёр хүн Нью-Йоркийн оршин суугчид байсан хэмээжээ.
CBC сувгийн мэдээлснээр, засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудын урьдчилсан таамаглалаар, автомашин өндөр хурдтай явж байгаад хашлага мөргөн шатаж, улмаар дэлбэрсэн байж болзошгүй гэнэ. Энэ хэргийн дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-тай залгаа хилийн боомтууд дээрх аюулгүй байдлыг чангатгахыг үүрэг болгож, Торонтод цагдаагийн эргүүлийг нэмсний дээр АНУ-тай холбогдох хэд хэдэн гүүрийг хаажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |