Газын зурвас: Олзлогдсон 50 хүнийг 150 палестин хоригдлоор солилцоно
2023-11-23

Сар гаруй хугацаанд дайтсны дараа Израил, ХАМАС олзны хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор хүмүүнлэгийн түр завсарлага авахаар тохиролцлоо. Энэ хэлэлцээрийг дэлхийн дахин ихээхэн дэмжин хүлээн авч байна. 

 

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Синди Маккейн Ойрх Дорнодод хүмүүнлэгийн түр завсарлага авахаар тохиролцсоныг "чухал, удаан хүлээсэн анхны алхам" хэмээн нэрлэжээ. 

 

"Газын зурвасын оршин суугч бүр өлсгөлөнтэй нүүр тулахад ойрхон байгаа энэ цаг үед хүнс болон бусад чухал ачааг шаардлагатай хүмүүст нь хүргэхэд энэ хэлэлцээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой" хэмээн Синди Маккейн мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Түүний өгүүлснээр, Газын зурвас дахь хоргодох байр, айл өрхүүдэд зориулсан хүнс, бусад тусламжийн бараа Рафах боомтоор нэвтрэхээр хүлээж байгаа аж.

 

"Түлш нийлүүлэх тохиролцоо хэрэгжиж, бидний ачаа шаардлагатай хүмүүстээ хүрч чадна гэдэгт найдаж байна. Хүмүүнлэгийн байгууллагууд аюулгүй, саадгүйгээр нэвтрэх ёстой, харин энгийн иргэд аюулгүй байдалд байж, тусламжаа хүлээн авах ёстой" хэмээн тэрбээр онцолжээ.

 

Олзны хүмүүсийг суллах тохиролцоо

Лхагва гарагт ХАМАС мэдэгдэл хийн, Газын зурваст дөрвөн өдрийн хүмүүнлэгийн эвлэрэл зарлах тухай хэлэлцээрийг Катар, Египетийн зуучлалтайгаар хийсэн гэж онцолж байлаа. 

 

Энэ тохиролцооны дагуу, Газын зурваст байгаа эмэгтэйчүүд болон 19 нас хүртэлх хүүхдүүд нийлсэн олзны 50 хүнийг Израилын шоронгуудад хоригдож байгаа эмэгтэйчүүд, 19 нас хүртэлх хүүхдүүд гэсэн нийт 150 хоригдлоор солилцохоор болжээ. 

 

Израилын талын мэдэгдсэнээр, олзны 50 хүнийг суллахын тулд хүмүүнлэгийн түр завсарлагийг дөрвөн өдрийн хугацаатай хэрэгжүүлнэ, завсарлага дууссаны дараа ЦАХАЛ Газын зурвас дахь ажиллагаагаа сэргээх аж.

 

Үүний дараа, дахин 10 олзны хүнийг суллахын тулд нэг өдрийн хугацаатайгаар байлдааны ажиллагааг зогсоох юм байна. Израилын талын мэдээллээр, ХАМАС-ын барьцаанд 200 гаруй хүн байгаа аж. Олзны хүмүүсийг суллах ажил 11 дүгээр сарын 24-нөөс өмнө эхлэхгүй гэж Израилын ЦАХАЛ мэдэгджээ. 

 

Ийнхүү тохиролцоонд хүрч, хүмүүнлэгийн завсарлага авах цаг хүлээгдэж буй энэ үед Израилын арми Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, Газын зурвас дахь Шейх Редуан дүүрэгт Израилын арми цохилт өгсний улмаас олон хүн амиа алджээ.

 

Аль Жазира телевизийн мэдээлснээр, Израилийн нисэх хүчин Газын зурвасын хойд хэсэгт агаараас цохилт өгсний улмаас олон хүн амиа алдсан байна. Чухам хичнээн хүн амиа алдсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй аж. Үүний зэрэгцээ дүрвэгсдийн хуаранд ч цохилт өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин