Яагаад ганцхан дотоодын компанид зөвшөөрөл өгөөд гадаадын компаниудыг оруулахгүй байна вэ? Спорт бооцооны зах зээлийг олон жил анхааралтай ажиглаж байгаагийн хувьд би өөрийгөө энэ салбарт мэргэшсэн хүн гэж хэлж чадна. Тиймээс хэдэн үг хэлье.
Бооцооны салбартай холбоотой бүх асуудал, бэрхшээл нь бараг бүгдээрээ зохицуулалт муутай зах зээлээс шалтгаалсан байдаг. Зохицуулалт муугаас тухайн салбарын талаарх мэдээлэл тун хомс байгаа нь ажиглагддаг. Маш олон насанд хүрээгүй хүүхдүүд бооцоо тавихын хор уршгийн талаар мэдээлэлгүйн улмаас хамааралд орж, донтдог. Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаа, амттаныг их хэмжээгээр хэрэглэхэд хүний биед хортой. Мэдээж энэ бүхнийг худалдаалдаг газруудын хувьд тодорхой дүрэм, хязгаарлалт тавьдаг ч манайд энэ бүтээгдэхүүнүүдийг хориглоод байдаггүй билээ.
Ийм учраас л Төрөөс бооцооны зах зээлийн бүх тоглогчдод ижил нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломж олгоход шаардлагатай хууль дүрмүүдийг батлах үүрэгтэй. Хуулиар зохицуулснаар иргэд залилангаас хамгаалагдаж, эмээх зүйлгүй тоглож чадна, харин Улс төсөвтөө татвараас орлого олж, тамирчид, багууд ивээн тэтгэгчдийн дэмжлэг авч, улам хөгжиж чадах юм.
Харин манай улсад байдал ямар байна? Өнөөдрийн байдлаар манайд спортын бооцоог зохицуулах тусгай хууль журам үгүй, зөвхөн Зөвшөөрлийн тухай хуультай байна. Энэ хууль 2022 оны зургаадугаар сарын 17-нд батлагдсан ч өргөдөл гаргах журам, хяналтын эрх мэдэл, үйл ажиллагааны зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа гэх мэт чухал зүйлс дурдагдаагүй.
Энэ алдааг арилгахын тулд өнгөрсөн жил Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай тусгай хуулийн төслийг боловсруулсан юм. Энэ хууль спортын бооцоотой холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж, зохицуулах ёстой байлаа. Даанч бараг бүтэн жил өнгөрөөд байхад хууль батлагдаагүй хэвээр байна.
Хэд хэдэн гадаадын компани Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авах гэж оролдсон боловч холбогдох албаны хүмүүс тусгай зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр эрх олгохгүй, саад болсоор байна. Зарим нь Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль батлагдтал ямар ч зөвшөөрөл олгохгүй гэж шууд хэлж байгаа. Үнэхээр хууль нь байхгүй болохоор Шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцье гээд ч нэмэргүй.
Гэтэл дотоодын нэгэн компани 2022 оны есдүгээр сарын 26-нд бооцооны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан мэдээ гэнэт гарч ирлээ. Хууль батлагдаагүй байхад яаж зөвшөөрөл авсан байх вэ? Яагаад дотоодын ганцхан компанийг ийнхүү онцлон үзэв? Дотоодын бусад болон гадаадын том компаниудын эрх ашгийг яагаад харгалзсангүй вэ? Спортын бооцооны зах зээлд оролцогчдын хувьд тоглоомын дүрэм нь ижил биш болж таарлаа. Яагаад? Харамсалтай нь энэ асуултуудад хариу байхгүй.
Үлдсэн бусад компаниудын хувьд Монголд албан ёсны зөвшөөрөл авч, спорт бооцооны үйлчилгээ үзүүлэх хууль ёсны, ил тод арга байхгүй байгаа гэдэг нь бодит үнэн. Зохицуулах хууль, дүрэм байхгүй нь бооцооны салбарын зах зээлд эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига гарах гарцаагүй байдлыг үүсгэх бөгөөд үүнийг бид хэд хэдэн компанийн жишээн дээр ажиглаж болно.
Энэ зах зээлд олон төрлийн брэнд үйлчилгээ үзүүлж байвал ганцхан компани байснаас илүү Улсын төсөв, санхүүд хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна. Тэгвэл юуны өмнө Улс болон хуулиар эрхээ хамгаалуулсан жирийн иргэдэд ашигтай байх болно.
Мөн спорт холбоод нэмэлт дэмжлэг авч, материал-техникийн баазаа шинэчилж чадах байлаа. Ингэснээр олон улсын тэмцээн уралдаанд үзүүлэх Монгол улсын шигшээ багийн амжилт ч эрс өсөх байв. Ямар ч гэсэн ийм боломж илүү их байх байсан гэдэгтээ бүгд санал нийлэх биз ээ.
Уншиж байна |