Ойрын өдрүүдэд Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан монголд жорлонгийн асуудал хамгийн эмзэг сэдэв болж буйн талаар холбогдох байгууллагын хүмүүс халаглан ярьж байлаа. Тэд ярихдаа,
Хөгжиж буй орны нийгмийн эрүүл мэндийн байдалд ус, агаарын чанараас гадна дийлэнх иргэдийн хэрэглэж буй бие засах газрын ариун цэврийн нөхцөл онцгой үүрэгтэй. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй модон жорлон, ялангуяа сургууль, цэцэрлэгийн жорлонгууд манай улсын ирээдүй, залуу үеийн эрүүл мэнд, ахуйн соёлд сөргөөр нөлөөлж байна.
Модон жорлон дээр суусан ялаа хоол хүнс рүү дамжиж нисэхдээ гэдэсний халдварт өвчний нян түгээдгийн нэг нь и-коли (e-coli). Үүгээр халдварласан хүүхэд удалгүй өвдөж, эмнэлэгт очиж эм тариа хийлгэвч ахуй орчин нь өөрчлөгдөөгүй бол дахиад л өвчин тусдаг. Хүүхдийн нарийн гэдсэнд байршсан нян гэдэсний ханын дархлааны хариу урвалыг өөрчлөн, гэдэсний эмгэг (тропик энтеропати) үүсгэдэг.
Улмаар нарийн гэдэсний хатингаршил болж хоол тэжээлээ шимж авах чадвар нь буурснаар хүүхдийн өсөлт сааран, давжаардаг. Модон жорлонгийн ялгадас үерийн дараа хот, суурин газраар халин тарж, хатаад тоосжсоноор нянгууд нь агаараар дамжин өвчин түгээсээр байгаа" гэж байв.
Монголын гурван сая гаруй хүн амын хагас нь Улаанбаатар, таван хувь нь Дархан-Уул, гурван хувь нь Орхон аймагт оршин суудаг бөгөөд тэдний талаас илүү нь гэр хороололд амьдарч буй. Үлдсэн 1.2 сая иргэний гуравны нэг нь аймаг, сумын төвүүдэд, 750 орчим мянган хүн хөдөө амьдарч бэлчээр өвсний аяыг дагаж, мал сүргээ хариулан нүүдэллэдэг.
Дэлхийн 145 улсын тоо мэдээлэлд үндэслэсэн судалгаагаар нэг жилд 800.000 гаруй хүн нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж амь эрсэддэг байна. Тиймээс улс орон бүр стандартын бус нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхдээ нэгдсэн менежментээр өөрийн улс орны онцлогтой уялдуулан арга хэмжээг авч ажилсан байдаг.
Оршин суугаа байршлаасаа хамаарч хүн амын 45 хувь нь нүх ухаад, дээр нь голдуу модоор амбаар босгосон, эсвэл таар шуудайгаар халхалсан ил жорлон ашиглаж (хамтатгаад модон жорлон гэх), 65 хувь нь цэвэрлэж ариутгасан ус хоол ундандаа хэрэглэж байна.
Жил болгон нь зовлонтой юм шиг гэр хорооллын 90 хувь нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй жорлон хэрэглэж байна гэж ярих нь хүний ёсонд нийцэхгүй л байлтай. Хэлэхээс цаашлахгүй энэ асуудалд иргэд нь хүртэл дүжирсэн. Энэ мэт асуудлаа цэгцлээгүй байж улс орон хөгжин цэцэглэж байна гэж ярих их хурлын гишүүд хөөрхийлөлтэй. Үнэхээр ард иргэдээ бодсон, хүнлэг сэтгэл, хүн чанартай бол "боловсон жорлонгийн довтолгоо”-г эрчимтэй эхлүүлэх нь чухал байлтай.
Уншиж байна |