Манай улсад гуравдугаар сарын 18-ны өдрийг эрчүүдийн өдөр хэмээн тэмдэглэг боловч энэ өдөр нь Монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний баяр юм. Товчхондоо Монголд эрчүүдийн өдөр гэж байдаггүй. Уул уурхай, хүнд үйлдвэр, мал ахуй, газар тариалан, цэрэг цагдаа зэрэг хамаг хүндийг эрчүүд үүрдэг. Гэтэл эрчүүдийн эрүүл мэнд эрх ашгийг хамгаалах албан ёсны нэг ч өдөр байхгүй.
Тиймээс Монгол улс 11 дүгээр сарын 19 буюу дэлхийн эрчүүдийн өдрийг албан ёсоор эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг албан ёсны өдөр болгож улс даяар тэмдэглэж эхэлж буй. Энэ хүрээнд Монголдоо эрчүүдийн гэх тодотголтой цөөхөн эмнэлгийн нэг “Цэ-Пү” эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.
- Түрүү булчирхайн үрэвсэл өвчний талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Түрүү булчирхай нь давсаг болон шодойн дунд байрлах манжин хэлбэртэй үржлийн эрхтэн. Үрийн шингэн болон шээс гадагшлуулах, үр тогтоох, үрийн шингэн үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй. Дотроо түрүү булчирхай шүүрэл гэх үрийн шингэний гуравны нэгийг бүрэлдүүлдэг шингэнийг үйлдвэрлэдэг. Зөвхөн эрэгтэй хүнд байдаг энэ эрхтэнд олон асуудал, бэрхшээл тулгардаг. Түрүү булчирхай үрэвсч, томорч, хатуурч, шохойжил чулуу үүсч, үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар хорт хавдар үүсч ч болно. Хамгийн гол нь тэр болгоныг нь ялган оношилж тохирсон эмчилгээг хийх нь чухал болоод байна. Манай улсын эрчүүдийн залуу үеийнхэнд түрүү булчирхайн үрэвсэл зонхилон тохиолдож байгаа бол, настайчуудад түрүү булчирхайн томролтой холбоотой асуудал тулгарч байна. Гэхдээ 60-70 хувь нь томрол, үрэвсэл хавсарсан байдалтай байна.
Түрүү булчирхайн өвчлөлүүд нийгмийн гол ажиллах хүчин болох эрчүүдэд тохиож, оношилгоо эмчилгээнд нэлээд их зардал гардаг учир нийгэм эдийн засгийн хохирол их учруулдаг гэж үздэг. Хамгийн гол нь эрчүүд тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдлэгтэй байж өөрийгөө өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой боловч түүнийгээ ашиглахгүй байгаа нь энэ өвчин насны хувьд улам залуужиж байгаагаас харж болно.
-Сүүлийн жилүүдэд үргүйдлийн талаар их ярих боллоо. Уг асуудлыг ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбож ойлгоод байх шиг?
- Эрчүүд өөрсдийгөө үргүйдэлтэй гэдгээ мэдэхгүй яваад байх хандлага бий. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Учир нь эмэгтэй хүмүүст л үргүйдлийн асуудал тулгардаг мэтээр нийгэмд хүлээж авдаг. Олон нийтийн цахим хуудас, эмнэлгийн байгууллагууд нь зөвхөн эмэгтэйчүүдийг чухалчилж яриад байхад аргагүй шүү дээ. Анзаарвал эмнэлгийн сурталчилгаа, үйлчилгээ голдуу эмэгтэй хүн рүү чиглэсэн байдаг. Хамгийн гол нь эрчүүдийн үргүйдэл бусад асуудлын талаар ярьж, бичээд сайт, олон нийтийн цахим сүлжээнд байршуулаад байхад л анхаарч байгаа нь тун ховор байдаг. Үргүйдэл бол эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэй хүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг нь судлахгүйгээр, зүгээр л эмчлээд байдаг. Үр дүн багатай, цаг хугацаа ч алдана. Тиймээс гэр бүлийн хоёрыг хоёуланг нь шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Үүнийг ойлгож, үйл ажиллагаандаа тусгадаг эмнэлгийн байгууллага бараг байхгүй гэхэд хилсдэхгүй ээ.
-Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвслийн талаар мэдээлэл өгөөч. Заавал бас БЗХӨ-өөс үүдэж түрүү булчирхай өвчилдөг гэж ойлгох нь буруу биз дээ?
- Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвсэл гэж түвэгтэй онош байдаг. Элдэв нян орж үрэвсүүлээгүй, амьдралын буруу хэв маягаас болж түрүү булчирхай бас үрэвсдэг. Олон цагаар суугаа ажил эрхэлдэг, машин байнга барьдаг, компьютер зурагтын ард удаан сууснаас болж бага аарцагны цусны эргэлтийн алдагдал үүсч улмаар түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг. Одоо үед хүн бүр машин унадаг, түгжрэлд удаан явдаг, зурагт их үздэг, залуучууд компьютер их тоглодог болсон нь түрүү булчирхайн үрэвсэл элбэгших шалтгаан болсон. Энэ төрлийн түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх их амархан. Удаан хугацаагаар суухгүй байх, дасгал хөдөлгөөн хийж таргалахгүй байх. Түрүү булчирхайн үрэвслийн бас нэг том шалтгаан бол ерөнхий тогтолцооны өвчнүүд. Түрүү булчирхайд Д витамин их чухал нөлөөтэй, Д витамины дутагдлын үед түрүү булчирхайн үйл ажиллагаа муудаж үрэвсэх нөхцөл болдог. Тестостерон даавар, прогестерон даавар бол түрүү булчирхайг шууд хянадаг дааврууд.
-Тэгэхээр түрүү булчирхайн шинжилгээнд хэр хугацааны давтамжтай хамрагдаж байх ёстой вэ?
- Нас тогтсон эрчүүд жилдээ нэг удаа, дунд үеийнхэн зургаан сард нэг удаа, 2-3 бэлгийн хавьтагчтай залуус гурван сард нэг удаа түрүү булчирхайн шинжилгээнд ордог байх нь өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд орохоос сэргийлэх юм.
- Ер нь эрэгтэйчүүдийн эмнэлэгт ханддаг хүмүүс насны хувьд?
- Эрэгтэйчүүдийн эмнэлэгт хүүхдийг мэндэлсэн цагаас л үзүүлэх хэрэгтэй. Наад зах нь хүүхдийнхээ төмсөг нь хэвийн байна уу үгүй юу, бэлэг эрхтэний өсөлт нь ямар байна вэ гэх зэргээр л үзүүлж эхлэх ёстой.
-Танай эмнэлэгт хандаж байгаа эрэгтэйчүүдийн ажил мэргэжлийн онцлог анзаарагддаг уу. Жишээ нь, барилга, зам тээвэр уул уурхай ч юм уу?
- Ерөнхийдөө ажил мэргэжлийн хувьд голдуу биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг, маш удаан хугацаагаар зогсож, даарч хөрдөг, эсвэл өдөржин хөдөлгөөнгүй удаан суудаг ажилтай хүмүүс, жолооч нар ирдэг. Жолооч хүн гэхэд машин дотроо хөл гар нь тэрүүхэндээ хөдөлдөгөөс бага аарцагийн цусны эргэлт зогсонги байдалд хүрдэг. Жолооч нарын дунд түрүү булчирхай үрэвсэл их байдаг.
- Бидний хөндөх сэдвийн нэг бол Тестостерон даавар шүү дээ. Энэ дааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Тестостерон даавар нь эрэгтэй хүний булчин, өөх, яс, тархи, цус төлжилт, сэтгэл санаа, арьс, зүрх судасны тогтолцоо, бэлэг эрхтэн зэргийг зохицуулж байдаг чухал даавар. Уг даавар хэвийн хэмжээнд байвал эрэгтэй хүн бие, сэтгэлзүйгээрээ эрүүл байна гэсэн үг.
Түрүү булчирхайг эрүүл байлгадаг гол зүйл нь тестостерон даавар. Тестостерон унах юм бол түрүү булчирхайн үрэвсэл, томрол, хорт хавдар зэрэг өвчлөл гарсаар байна. Манай улсад эдгээр өвчлөл их байна гэдэг нь л нийтээрээ тестостерон түвшин багатай байгааг харуулж байгаа юм. Энэ нь манай улсад эрт унтаж, өглөө босож байгаа хүн байхгүй байгаа нь тестостерон дааврын түвшин бага байгаа шалтгаан гэж харж байгаа юм.
Тестостерон дааврын дутагдал нь ээлжээр шөнө оройн цагаар ажилладаг хүмүүсийн дунд түлхүү ажиглагдаж байгаа нь нойр хамгийн чухал гэдгийг баталдаг.
Түүнчлэн тестостерон даавар нь гол өөх шатаагчдын нэг бөгөөд сүүлийн үед залуучууд 25 хүрээд эрчимтэй жин нэмж, таргалснаас үүдэх зүрх судасны өвчнөөс болж амь насаа алдаж байгаа тохиолдлууд ч гарсаар байна. Таргалалтыг дагаад чихрийн шижингээс эхлээд олон төрлийн өвчин үүсэх нь ойлгомжтой. Тийм ч учраас энэхүү дааврыг хэвийн хэмжээнд нь байлгахгүй бол
- Хүмүүсийн дийлэнх нь энэ талаар мэдлэг мэдээлэл бага байдаг байх?
- Ер нь 10 жилийн сургуулийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоонд сурагчдад онцын ач холбогдолтой, амьдралд хэрэгтэй мэдээлэл дутмаг олгодог. Хэрэггүй олон онолоор тархи бөмбөгддөг. Амьдрал дээр гараад ирэхээрээ наад захын бэлгийн замын өвчнүүдийг талаар тодорхой мэдлэггүйгээс алдах асуудал унадаг. Эрүүл мэндийн боловсролыг аль болох багаас нь олгож, тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Тэрнээс биш эрэгтэйчүүд бүрэг ичимхийдээ эмчлүүлэхээр ирдэггүй юм биш. Энэ бол зуун хувь мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас үүдэлтэй.