Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Цэрэг нас барсан хэргийн талаар Мөрдөн байцаах албанасаа мэдээлэл өгч байна. Мэдээллийн үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө 06.21 цагт ХУД-ийн 12 дугаар хороо Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн албан хаагч "Д" гэгч нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу мөрдөн байцаах алба, ХУД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэс, НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийг газар мөрдөн шалгах, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах тухайн анги байрлал байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдрийн идсэн хоолноос дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослоготоо босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилт хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолондоо орох, оройн тоондоо хамрагдах гэх мэт тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцсон. Мөн өдрийнхөө 22.34 цагт амралтын байр руугаа орсон байдаг.
Энэ сарын 13-ны өглөө 06 цагт бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 27.1.2.1, Эрүүл мэндийн сайд Хууль зүйн сайдын 2014 оны цогцост шинжилгээ хийх журам, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээ хийх жишиг хугацааг тогтоож өгсөн байдаг. Жишиг хугацааг улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батладаг. Үүнд цогцост эд эсийн шинжилгээ хийх үндсэн хугацаа 14, нэмэлт хугацаа тав, хоёр. Нийт 21 хоногт эд эсийн шинжилгээ хийх жишиг хугацааг тогтоосон. Мөрдөгчийн зүгээс шинчээж томилсон хугацаанд 14 хоногт дүгнэлт гаргуулахаар өгсөн. Шаардлагатай тохиолдолд шинжилгээний цар хүрээ бусад асуудлаар үүдэн хугацаа сунгагддаг эрх зүйн зохицуулалттай. Цэргийн байранд байгаа камерын бичлэгт үзлэг хийсэн. Ар гэрийн зүгээс камерын бичлэг үзэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4.1-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн. Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр хохирогчийн ар гэр түүний өмгөөлөгчтэй холбогдож, камерын бичлэгийг өнөөдөр 13 цагт үзүүлэхээр болсон. Цэргийн анги дээр байрлаж байгаа НАЙМАН камерын бичлэгт үзлэг хийсэн.
Он гарснаас хойш зургаан цэргийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Гурав нь зэвсэгт хүчнийх, гурав нь хил хамгаалах байгуулагын цэргийн албан хаагч байсан. Энэ хэргүүдэд бүгдэд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.