Өвлийн эхэн сар эхэлж, хүйчний эрч чангарсан эдгээр өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Иймд бид махны худалдааны гол цэг болох “Эмээлт” захаас өвлийн идэшний үнэ ханшийн талаар сурвалжилж байна.
“Эмээлт” захад хонь 200-380 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол ямаа 150-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил малын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн гэдгийг иргэд хэлж байна.
Амьд малын үнэ ханшийн талаар малчдаас тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин Б.Болдбаатар:
Цас орсон учраас одооноос малчид идшээ хийж эхлэх байх. Өчигдөр манай айлын хүн хоёр үхэр, хэдэн хонь гаргаад аймгийн төв рүү борлуулахаар явсан. Арвайхээрт үхрийн мах бөөний үнэ нь 8000, хонины мах 6500 төгрөгийн үнэтэй байгаа дуулдсан. Малчид идшээ хийж, хот суурин газрынхаа идшиндээ мах аваад ирэхээр үнэ нь жаахан буурах байх. Зарим малчин айл махны үнэ буухаас өмнө махаа борлуулах сонирхолтой учраас малаа эрт төхөөрөх нь бий. Аймгийн төв, хотынхон нийлээд малчдын хотноос ирээд мал, махаа авбал бид арай бага үнээр өгч таарна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Г.Гантогтох “Би өчигдөр өглөө 30 хонь ачиж ирээд, өнөөдөр зарж дуусах гэж байна. Махны эрэлт их байгаа болохоор удахгүй дахиад хэдэн тооны мал ачиж ирэх санаа байна.
Энэ жил идшинд бод малын эрэлт илүү нэмэгджээ. Торон хашаанд байх цөөн тооны бод мал дундаас адуу, үхэр нэг, хоёроор л үлдсэн байх. Гаднаас орж ирсэн нэгэн иргэн малчнаас идэшний үхрийн үнэ ханш асууж “Би идэшний хоёр үхэр авах гэсэн юм. Аль аймгаас ирсэн бэ. Ямар үнээр борлуулж байгаа юм” гэхэд мал зарж буй малчин “Одоо үлдсэн ганц үхэр л байна. Идэшний үхэр 1.5-1.8 сая төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээг 1.6 сая төгрөг. Хэрвээ хоёр, гурваар нь авах гэж байгаа бол дахиад хөдөөнөөс мал ирнэ. Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна. Харин манай үхрүүд тарга сайн авсан. Харин адуу 1.3-1.6 сая төгрөгийн үнэтэй байна. Соёолон морь 1.3 сая, гүү 1.4 сая төгрөг байна даа” гэв.
Иргэд, малчдын хооронд худалдаа, наймаа ид өрнөж байх зуур зарим нь гэдэс цувдай цуглуулан бойны хэсгээс шуудайлан авч явна. Харин өвлийн идшиндээ амьд мал авсан иргэд бойчин хөлсөлж махаа шуудайлан хотын төв рүү авч явах аж.
Мал, махны худалдаа эрхлэгчид ийм мэдээллийг өгч байна.
"Өвлийн идэшний үе ирэхэд хонь, ямаа, адууны махны үнэ буурах хандлагатай байдаг бол идэшний үхэр эсрэгээрээ үнэд хүрдэг байна. Булган аймгийн Тэшиг суманд шүдлэн үхэр 900 мянгаас нэг сая төгрөг, хязаалан болон нас биед хүрсэн шар нэг сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа.
Идэшний үнийн хувьд:
Шүдлэн үхэр: 1.2-1.3 сая
Хязаалан үхэр: 1.8-1.9 сая
Соёолон үхэр: 2.1-2.2 сая
Бүдүүн үхэр: 2.1-2.2 сая
Даага- 800 мянга
Шүдлэн: 1 сая
Хязаалан: 1.2 сая
Бүдүүн адуу: 1.6 сая төгрөгийн үнэтэй байна" гэсэн юм.
Уншиж байна |