Улсын төсвийн 130 гаруй тэрбум төгрөгөөр хийгдсэн автобусны худалдан авалт улс дамнасан авлигын хэрэг болж, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байна. Но-той ногоон автобусны асуудалд нийслэл ямар байр суурьтай байгааг хотын дарга Х.Нямбаатар илэрхийллээ.
Тэрбээр “Улсын төсөвт Ж.Сүхбаатар сайдын багцад 318 тэрбум төгрөг автобусны парк шинэчлэлт нэрээр батлагдсан. Үүнээс 100 ногоон автобус, skywell нэртэй 50 цахилгаан автобус, дунд оврын 50 автобус авч, нийтдээ 200 автобус Монгол Улсын хилээр орж ирсэн. 100 ногоон автобусыг авахгүй гэсэн бичгээ өгч, гэрээгээ цуцалсан.
Ашиглалтын шаардлага хангана гээд Skywell нэртэй 50 цахилгаан автобусыг хүлээж авсан байна. Харин дунд оврын 50 автобусны гаалийн бүрдүүлэлт маапаантай байгаа учраас энэ асуудлыг АТГ эцэслэн шийдсэний дараа хүлээж авах байр суурьтай байгаа.
Улсын төсвийн 130 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах үүднээс Тэнүүн Огоо ХХК-ийн өмчлөлийн бүх баазыг нийслэл авахаар үнэлүүлсэн. Шүүх шинжилгээний байгууллагын эхний үнэлгээгээр 54 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Сангийн яам 11 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа буюу дансанд байршуулсан мөнгөө татаж авсан. Зөрүү мөнгөний асуудлаар нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд АТГ-т өдөр бүр очиж, уулзалт хийж байгаа" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Уншиж байна |