БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг “Хэвлэл мэдээллийн бага хурал”-ын ээлжит хурлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Энэ үеэр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 2020-2023 оны 11 сарын байдлаар 4,7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Хуулийн хэрэгжилт, биелэлтийн танилцуулга хийлээ. Уг танилцуулгад "Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байна. Тухайбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинат ТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд тус тус нийлүүлдэг.
Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нэмэгдэж байна. Тухайлбал шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрсэн байгаа бол Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна.
Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Гэдэсний савханцар, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.
Химийн шинжилгээний үр дүнгээр Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон Биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн төдийгүй Хүрээлэн буй орчин.Хаягдал ус MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг илэрхийлж байна" хэмээн дурьдлаа.
Уншиж байна |