Заамар суманд хууль бусаар алт олборлож малын бэлчээрийг үгүй хийж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Иргэдийн төлөөлөл
"Заамар суманд алт олборлолт хийгдээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 27 компани улсын эрдэнэсийн санд 200 тн алт өгсөн байдаг.
Төв аймгийн Заамар суманд 1992 оноос “Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нийт газар нутгийнх нь 1/3 буюу 42,600 га талбайг лиценз хэлбэрээр ашигласны үр дүнд улсад 140 гаруй тонн алт тушаажээ.
Алт олборлогчдын ухаад орхисон 80-90 метрийн гүнтэй газарт хиймэл нуур үүссэн нь өдгөө хүн, малын амийг авсан сэг зэм бүхий ус болжээ. Байгаль орчинтой зүй бус харьцсаны улмаас ундны усны эх үүсвэр эрс татарч, бохирдож, уухын аргагүй болсон тул иргэд аргагүйн эрхэнд 5-10 км явж байж ундны усаа залгуулах болсон.
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг “Түмэнгийн төрөлж” хэмээх газар 15541.08 га газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөшөөрлийг Засгийн газар “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байдаг. Одоогоор тус компанид 3961.2 га талбай үлдсэн байна.
Энэ компанийн лицензийг хууль бусаар олгох ажиллагаанд улстөр бизнесийн бүлэглэл оролцсон байгааг шүүх тогтоосон. Үүнээс хоёр хүнийг нэр цохон дуудахад тухайн үед уул уурхайн сайд байсан одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, тухайн үед Төв аймгийн засаг дарга байсан одоо УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын хүмүүс энэ асуудалд гар бие оролцсон байдаг.
Заамар сумын өнөөгийн бодит байдал хойд хэсгээрээ уул уурхайн бүс, зүүн талаараа газар тариалангийн бүс, дунд хэсгээрээ уулархаг бүс, зөвхөн өвөр тал нь л малчдын бэлчээр болж байгаа. Малчид маань ингэж шахагдаж амьдарч байна. Иймд ард иргэд бидний хувьд үлдсэн газар нутгаа хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэх болно" гэлээ.
Уншиж байна |