Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залахаар болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл Монголын шинэ хамба ламд Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр хүргэжээ. Тодруулбал, Дээрхийн гэгээн XIV Далай багш албан ёсны цахим хуудсандаа МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандоржид баяр хүргэхийн зэрэгцээ XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамцыг дурсан олон жилийн барилдлагатай номын садан байсан хэмээн айлджээ.
Энэхүү захидалд "Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэжээ. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авъяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэсэн байна.
Мөн насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Дэмбэрэлийн Чойжамцад хандан "Таны Бурхан Багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ.
Дээрхийн Гэгээнтэн мөн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна.Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.
Уншиж байна |