Хотын төвд хоёр зээрдээрээ чөлөөтэй явж чадахаа байлаа. Хайрга, чулуугаа далдлаад, хаа сайгүй гялгар хавтангаар өнгөлчихсөн болохоор хотын төвийн гял цал “шалан дээр” халтирч унаад, хөл гараа хугалчих гээд нэг л явж бүтдэггүй. Хөлөө чирч, холхиж явсаар өвлийн хүйтэнд хөшиж үхэх нь. Хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүр л ийм дүр төрхтэй явна.
Жил болгон энэ асуудлыг ярьдаг хэдий ч шийдтэй засаж янзлаад, иргэддээ ээлтэй орчинг бүрдүүлж өгөхгүй байсаар энэ өвлийг золгож байна.
Жилд 2500-3000 хүн халтирч унасны улмаас гэмтдэг байна. Тодруулбал, хүйтний улиралд өдөрт зөвхөн халтирч унаснаас бэртэж 10-20 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг хэмээх тоон үзүүлэлт байдаг.
Иргэн Х.Баасанжав: Төв талбай, Арслантай гүүр, МУИС, Цэцэг төвийн гудамж талбай цас хялмаалахтай зэрэгцээд халтиргаа, гулгаа үүсгэх болж. Эдгээр замаар явахдаа унах вий гэсэн айдастай явж байна. ГССҮТ-өөс иргэдийг хэрхэн хальтаргаатай замаар явах талаар зөвлөмж өгсөн байсан нь үнэхээр эмгэнэлтэй. Автомашины замаа янзлахгүй юм аа гэхэд явган хүний замыг төгс засаад өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ өвөл явган хүн зорчиход болон дугуй, скүүтертэй хүн явахад хоёр талын эхлэл төгсгөлд нь халтирдаггүй хавтанг байршуулсан байна. Гэхдээ хоёрын хооронд алаг цоохор хавтантай байснаас гүүрэн байгууламжийн явган замыг нийтээр нь гөлгөр биш хавтангаар солих хэрэгтэй.
Иргэн М.Зундуй: Зуны цагт борооны ус туначихаад, өвлийн цагт цас мөс нь гялтайж хөлдчихөөд. Энэ гялгар хавтан монголчууд бидэнд огт тохирохгүй эд юм аа. Харахад үзэмжтэй ч, явахад эрсдэлтэй юм. Олон хүн үүнээс болж гэмтэж, бэртэж хөл гараа хугалж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Тиймээс хотын дарга та жил бүрийн өдийд цас мөсөө цэвэрлэх цавчуур бэлтгэж, замын халтиргаа гулгаанд өч төчнөөн хөрөнгө мөнгө зарж, давс элс цацаж байхын оронд ирэх зун энэ бүх гялтгар шалаа хуулж хаяаад, дотоодын үйлдвэрлэлээ дэмжвэл яасан юм бэ" гэв.
ГССҮТ: Одоогоор харьцангуй бага байна. Хүмүүс унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртдэг. Хамгийн их бэртдэг мөч нь гарын хэсэг. Тиймээс иргэдийг явганаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг хүсэж байна. ГССҮТ-д халтиргаанаас үүдэлтэйгээр хүний биеийн мөчний хугарлын гэмтэл хамгийн их байдаг. Халтирч унаснаасаа болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг.
Хүйтэн сэрүүний улирал ирж, халтиргаа гулгаа эхэлж байна. Цас их ордог эрс тэс уур амьсгалтай ч нийслэлийнхээ гудамж талбайг гулгамтгай, халтирдаг чулуугаар бүрсэн улсын Эрүүл мэндийн яам халтирч унахдаа баримтлах заавар зөвлөгөөг гаргажээ. Тус зөвлөгөө ёсоор бол халтирч унахдаа гараараа тулж болохгүй. Харин халтирч унахгүйн тулд өвдгөө нугалж, бөхийх явах хэмээн тайлбарласан байлаа.
Ирэх өдрүүдэд бүх нутгаар хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цас орно гэж байна. Энэ өдрүүдэд халтиргаа гулгаа болон хөлдөж осгохоос болгоомжил гэж Онцгой байдлын ерөнхий газраас хүртэл анхааруулж байна. Игэдийн хувьд хотын дарга, нийслэлийн удирдлагууд давс элсээ цацахад бэлдээд, дараа жил өдийд хальтирч унах аюулаас биднийг авраач" хэмээн санал бодлоо илэрхийлж байлаа.
Уншиж байна |