Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн спортын мастер Э.Уянгатай уулзаж ярилцлаа. Түүний хувьд Дэлхийн цомын аваргын мөнгөн медаль болон өсвөрийн ААШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн юм. Мөн өсвөрийн УАШТ-д дөрвөн удаа түрүүлж байсан шилдэг тамирдын нэг билээ.
- Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Тус тэмцээнд хэдэн орны хичнээн тамирчид оролцсон бэ?
-Баярлалаа. Шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 15-21-ний өдрүүдэд Польш улсын Нидзика хотод залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан. Тус тэмцээнд дэлхийн 30 орны 70 гаруй даамчид өрсөлдсөн. Манай улсаас эрэгтэй нэг, эмэгтэй гурван тамирчин оролцлоо. Бүгд амжилттай оролцсон.
- Сайн өрсөлдөгч хүчтэй тамирчныг бүтээдэг. Таныг хурцалдаг, хүчтэй өрсөлдөгч олон бий юу?
- Миний хувьд өрсөлдөж буй тамирчнаа хичээгээрэй гэж хэлдэг. Яагаад гэвэл тэд хүчтэй байж амжилт гаргах тусам би илүү байхын төлөө хичээж хөдөлмөрлөж, өөрийгөө хурцалдаг. Монголын тамирчдын хувьд их хүчтэй. Харин бусад орноос Хятад, Оросын тамирчид өрсөлдөөнтэй тоглолтыг өрнүүлж чаддаг.
- 2019 оны ДАШТ-ий сүүлийн шатанд ОХУ-ын тамирчинтай тунаж, сонирхолтой тоглолт үзүүлсэн. Их өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
- Хамгийн сонирхолтой нь 2015, 2016, 2019 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод ОХУ-ын тамирчинтай гурван жил тунаж аваргын төлөө өрсөлдсөн. 2019 оны ДАШТ-ий үеэр бид хоёрын тоглолт 4-5 цаг үргэлжилсэн. Хөлгөө хараад хэрхэн тоглох вэ гэж төвлөрдөг учраас ямар хугацаа өнгөрснийг анзаардаггүй. Тоглолт дууссаны дараа намайг хүлээж байсан ээж минь “Удаан тоглолт боллоо” гэж хэлж байсан. Дүнгээ сонсоод дэлхийн аварга боллоо гэхэд итгээгүй. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Тухайн үед миний насны ангилалд 4-5 орны 60 гаруй тамирчин оролцсон юм.
- Даам бол эрэгтэй, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөж болдог цөөхөн спортын нэг. Эрчүүдтэй тоглохдоо тэдний сэтгэлийн түгшүүрийг мэдэрдэг үү?
-Тийм ээ, үнэндээ тэдэнд бидний эсрэг тоглох нь хэцүү байдаг. Эрчүүд өөрсдийгөө илүү ур чадвартай, ухаантай гэж боддог учраас дотроо “Заавал хожно” гэж боддог. Энэ нь эргээд өөрт нь сэтгэлзүйн дарамт болдог байж болох талтай.
- Тэмцээний үед сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Би багадаа тэмцээний өмнө их догдлолтой, тэмцээн эхлэхээр сандраад хожигдчих вий гэсэн сэтгэл зүйн айдастай байдаг байсан. Энэ үед өрөгөө тайван тоглож чадахгүй алдаа гаргах нь бий. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сэтгэл зүйгээ удирдаж сурч байна. Намайг сонирхлоо дагаад амжилтын төлөө тэмүүлэхэд гэр бүл, найз, нөхөд, сургуулийнхан маань үргэлж дэмжиж, урам хайрладагт баярладаг. Би даамаар хичээллэснээр зөв сонголт хийх, тэвчээртэй байх гээд олон зан чанарыг өөртөө суулгасан. Мөн даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг учраас алсын харааг хөгжүүлдэг.
- Хожиж яваад хожигдох, хожигдож яваад хожих тохиолдол шатрын спортод байдаг. Та ийм үетэй хэр их тулгарч байв?
- Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байхад сүүлийн мөчид тоглолтын хувь заяаг өөрчлөх боломж бараг л гарахгүй. Учир нь шилдэг тамирчид жижиг алдааг ч том хожил болгож чаддаг учраас тэр байх.
- Хүмүүс хүүхдээ шатраар хичээллүүлэх сонирхолтой байдаг. Шатар, даамны ялгаа нь юу вэ?
- Ер нь ялгаагүй. Хоёулаа адилхан сэтгэхүйн, хөлөгт тоглоом. Даамны нүүдлийг хүн бүр мэддэг учраас нүүгээд л идээд байдаг, амархан гэж ойлгодог. Гүнзгийрүүлээд судалбал даам тоглохдоо олон нүүдлийн цаадахыг харж, олон техник эзэмших хэрэгтэй. Гүнзгий түвшинд бол шатар, даам сэтгэхүйг яг адилхан хөгжүүлдэг. Монголд шатрыг өндөр түвшинд хөгжүүлэх гэж дэмжиж байгаа хүмүүст ийм ойлголт төрүүлдэг байх.
- Даамаар хичээллэж эхэлж байгаа тамирчид, хүчтэй өрсөлдөгч болохын тулд бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?
- Даамын спорт ухаж ойлгоогүй хүнд уйтгартай, байрлалын төлөө өрсөлдөж, түүнийгээ хэрэгжүүлж чадсан нь хождог. Тиймээс хүмүүсийн тоглолтыг харж байрлалаа сайн олж сурах хэрэгтэй. Мөн зуун буудалт даамын хөлөг дээрх тоглолтууд хурц ширүүн өрсөлдөөнийг бий болгож, үргэлж ялан дийлэхийн төлөө тэмүүлэлд хөтөлдөг. Тиймээс даамын спорт бол шинжлэх ухаан юм. Харахад энгийн атлаа хэчнээн олон задаргаа, хувилбарт хожил гардаг гэдгийг харж суралцсан хүн ойлгоно. Байнга бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Бэлтгэл хийх боломжтой үедээ цахимаар эсвэл, мэргэжлийн тамирчинтай тоглох хэрэгтэй. Мөн судалгаа чухал.
- Ярилцсанд баярлалаа
Уншиж байна |