Хүйтний улирал ирж, Улаанбаатар хот халтиргаа гулгаатай золголоо. Утаанаас дутахгүй том асуудал болдог халтиргаа гулгааг арилгахаар хотын захиргаа 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцөлснөө өнгөрсөн дава гаригт мэдээлж байв. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их хэмжээний цаснаар давс, бодис цацаж, давсны нөөц 38014 тонн, бодисынх 2730.3 тонн үлдэгдэлтэй байна.
Хотын гудамж талбайг бүрхсэн цас, үүнээс үүдсэн халтиргаа гулгаа зөвхөн ТҮК-ийн хэдэн ажилчдын ажил биш. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж бүр оролцох учиртай.
Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн үг.
Харин аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх газрын цас, халтиргаа гулгааг цэвэрлээгүй бол хариуцлага хүлээх ёстой. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.
Тэгэхээр орчныхоо халтиргааг гулгааг цэвэрлээгүйн улмаас хэн нэгэн халтирч унан, гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг төлнө гэсэн үг.
Зөвхөн шат, үүднийхээ хэсгийг биш орчныхоо 50 м газрыг цэвэрлэж, халтиргаа гулгааг нь бүрэн хариуцах ёстойг аж ахуйн нэгжүүдэд дахин сануулъя. Харин үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд торгууль, нөхөн төлбөр зэргээр мөнгөн хариуцлага яригдахыг ч мартаж болохгүй!
Б.Хэрлэн
Уншиж байна |