Пүрэв гарагт Сирийн Хомс хотод байрлах Цэргийн академи рүү дроноор халдаж, олон хүн амиа алдсан талаар ВВС агентлаг дамжуулжээ.
Тодруулбал, Сирийн Засгийн газар хяналтдаа байлгадаг Хомс хот дахь Сирийн цэргийн академи руу дроноор халдсаны улмаас 100 гаруй хүн амиа алдсан байна. Сирийн Хүний эрхийн хяналтын төвийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн тал хувь нь цэргийн сургуулийн төгсөгчид, 14 нь энгийн иргэн байсан аж. Мөн энэ халдлагын улмаас 125 хүн шархаджээ. Улмаар Сирид гурван өдрийн гашуудал үарласан байна.
Энэ халдлагыг "олон улсын хүчний дэмжлэгтэй алан хядагч бүлэглэлүүд" үйлдсэн гэж Сирийн армийн төлөөлөгчид мэдэгдсэн. Одоогоор сөрөг хүчин, жихад бүлэглэлүүдийн аль аль нь халдлагын хариуцлагыг өөр дээрээ аваагүй байна. Урьдчилсан мэдээллээр, дроныг сөрөг хүчин хяналтдаа байлгадаг, Хомсоос баруун хойд зүгт байх нутгаас хөөргөсөн аж.
Цэргийн академи рүү ийнхүү халдсаны дараа Сирийн Засгийн газрын армийн артиллери халдлага үйлдсэн алан хядагчдын бүлэглэлийнхний бааз руу пуужин, минометийн цохилт өгсөн гэж САНА агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, арми "Жебхат ан-Нусра" алан хядагч бүлэглэлийн хяналтад байдаг Сермин, Эриха, Бенеш бүсүүдэд цохилт өгч, энэ үеэр "Туркестаны исламын нам"-ын байршил ч цохилтод өртсөн байна. Энэ нам нь Хятадын Шинжаанд амьдардаг, уйгур-түрэг ард түмнээс бүрддэг экстремист байгууллага юм. Арми цохилт өгсний улмаас алан хядагчдын байрладаг бүс нутагт байх бүхий л объект устсан, алан хядагчид амьд хүч болон техникийн хохирол амссан гэж САНА агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |