Наймдугаар сард Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийг үндэслэгч Евгений Пригожиний хувийн онгоц сүйрсний улмаас Пригожин болон Вагнерын командлагчид амиа алдсан юм. Энэ ослыг Оросын эрх баригчид зохион байгуулсан гэсэн яриа өнөө хүртэл явсаар байгаа юм.
Ослын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлснээс өөрөөр онгоцны осолтой холбоотой байр суурь илэрхийлж байгаагүй. Харин энэ удаад "Валдай" хуралд оролцох үеэрээ Пригожиний онгоцны осолтой холбоотой мэдэгдэл хийжээ.
Путиний өгүүлснээр, Евгений Пригожиний онгоц руу гаднаас халдаагүй, харин амиа алдсан хүмүүсийн цогцосноос гар гранатын ул мөр олдсон гэнэ. Үүнийг мөрдөн шалгах хорооныхон тогтоосон гэж Путин мэдэгджээ.
"Хувийн цэргийн компанийн удирдлагатай юу тохиолдсон бэ гэсэн асуулт одоо хүртэл олны анхаарлыг татаж байгааг би мэдэж байна. Онгоцны осол болсныг та бид мэдэж байгаа, саяхан Мөрдөн шалгах хорооны дарга надад илтгэл тавьсан. Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцосноос гар гранатын хэлтэрхий олдсон байна. Онгоцонд гаднаас нөлөөлөөгүй, энэ бол мөрдөн шалгах хорооны шалгалтаар батлагдсан баримт" хэмээн Путин мэдэгджээ.
Түүнчлэн, онгоцны ослыг шалгах ажил дуусаагүй байгааг тэрбээр онцолсон байна.
"Цогцосонд хар тамхи эсвэл согтууруулах ундааны шинжилгээ хийгээгүй. Гэтэл ослын дараа Петербург дахь компанид нэгжлэг хийхэд 10 тэрбум рубль бэлнээр, 5 кг кокаин олдож байсныг бид мэднэ шүү дээ" хэмээн Путин мэдэгдээд, амиа алдсан хүмүүс согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэхийг шинжлэх ёстой байсан хэмээн онцолжээ.
Пригожиний үхэл
Наймдугаар сарын 23-ны өдөр Embraer-135 (EBM-135BJ) хувийн онгоц Тверь мужид осолдсон юм. Энэ онгоц Москва-Санкт-Петербург чиглэн, долоон зорчигч, хөлгийн багийн гурван гишүүнтэйгээр нисэж явсан гэж Оросын Онцгой байдлын яам мэдэгдэж байлаа.
Хувийн онгоц осолдсоны улмаас "Вагнер" компанийг үндэслэгч Евгений Пригожин, түүний хамтран зүтгэгч, Вагнерын удирдагчдын нэг Дмитрий Уткин болон бусад командлагчид, хөлгийн багийн гишүүдийн хамт бүгд амиа алдсан юм. Онгоц осолдсоны улмаас Оросын Мөрдөн шалгах хороо "хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчсөн" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй байна.
Осол болсны маргааш нь буюу наймдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байв. Тэрбээр эмгэнэлдээ "Украин дахь неонацист дэглэмтэй хийх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс" хэмээн онцолж байлаа.
Осол болсны дараа хэвлэлүүдээр онгоцонд явж байсан хүн Пригожин өөрөө биш, харин түүний орлон тоглогч гэсэн мэдээлэл гарч байсан ч наймдугаар сарын 27-ны өдөр Оросын Мөрдөн шалгах хороо ослын улмаас Пригожин амиа алдсан гэдгийг баталсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |