Аравдугаар сарын тавны өдөр ОХУ Харьков мужид пуужингийн цохилт өгч, энэ цохилтод хүнсний дэлгүүр, кафе өртжээ. Улмаар 50 гаруй хүн амиа алдсан нь ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш пуужингийн цохилтын улмаас нэг дор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болж байна гэж Украины эрх баригчид мэдэгдсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Украины Харьков мужийн 300 орчим хүн амтай Гроза суурингийн хүнсний дэлгүүр болон кафед пуужингаар цохилт өгсний улмаас 51 хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ. Энэ цохилтыг "Искандер" пуужингийн комплексоор өгсөн байж болзошгүй гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Украины Ерөнхий Прокурорын газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар 10 дугаар сарын тавны 13:25 цагт дэлбэрэлт болжээ. Тухайн үед энэ тосгоны нэг оршин суугчийг оршуулах, сүүлчийн замд нь үдэх ёслол энэ кафед болж байсан гэнэ.
"Тосгоны оршин суугчийг сүүлчийн замд нь үдэх ёслол болж байсан. Энэ тосгонд ердөө 300 хүн амьдардаг, тиймээс айл бүрээс л нэг хүн энэ оршуулгын ёслолд оролцохоор кафед цугласан байх үед дэлбэрэлт болсон" хэмээн Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдэгджээ. Түүний өгүүлснээр, дэлбэрэлтийн улмаас кафе болон зэрэгцээ орших дэлгүүр бүрэн нурсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд зургаан настай нэг хүү байгаа бол өөр нэг хүүхэд шархаджээ.
Харьков мужийн захиргааны мэдээлснээр, амиа алдсан хүмүүс нь бүгд Гроза тосгоны оршин суугчид байсан аж.
Улмаар Оросын пуужингийн цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор 10 дугаар сарын 6-8-ны өдрийг Харьков мужид гашуудлын өдөр болгон зарлажээ.
Харьков мужийн захиргааны мэдэгдсэнээр, пүрэв гарагт өгсөн пуужингийн цохилт Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш хамгийн их хохирол дагуулсан цохилтод тооцогдож байгаа аж.
Дайн эхэлснээс хойш нэг дор олон хүний амь насыг бусниулсан хэд хэдэн томоохон довтолгоо болж байлаа. Үүнээс цөөн хэсгийг дурдвал:
- 2022 оны гуравдугаар сард бүслэгдсэн Мариуполь хотод энгийн иргэд хоргодож байсан драмын театрыг бөмбөгдсөн юм. Тухайн үед хичнээн хүн амиа алдсан талаарх албан мэдээлэл байдаггүй. Гэхдээ хотын албан тушаалтан ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө бөмбөгдөлтийн улмаас 300 хүн амиа алдсан байж болзошгүй хэмээсэн бол өөр эх сурвалжууд энэ цохилтын улмаас 600 хүн амиа алдсан гэж мэдээлдэг юм.
- 2022 оны долдугаар сард Оросын цэргүүд Винница руу халдсаны улмаас 23 хүн амиа алдаж байв. Тэдний дотор гурван хүүхэд байсан юм.
- Энэ оны нэгдүгээр сард Оросын пуужин Днепр дэх орон сууцыг онож, 40 гаруй хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |