Италид нэгэн хос зоогийн газарт өндөр зардлаар хуримын ёслол хийгээд, төлбөрийг нь төлөлгүй зугтжээ. Энэ талаар Corriere Della Sera сонин мэдээлсэн байна.
Төлбөрөө авч чадалгүй үлдсэн зоогийн газрын эзний өгүүлснээр, залуу хос хуримын ёслолын зардал болох 5500 евро буюу монгол мөнгөөр 20,6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг төлөгүй зугтсан байна. Хуримын ёслол наймдугаар сарын сүүлээр La Rotonda зоогийн газарт болсон бөгөөд хуримын ёслолд 80 хүн уригджээ.
Зоогийн газрын эзний өгүүлснээр, сүйт залуу 8800 еврогийн зардлын 3300 еврог төлж, үлдэгдлийг хурим болсны маргааш өдөр нь төлнө гэсэн ч тооцоогоо төлөлгүй сураггүй болжээ. Түүнийг сураглахад хэдийнэ Италиас явсан байсан гэнэ.
Залуу хосын ар гэрийнхнийг олж уулзсан ч хуримын өдрөөс хойш огт хараагүй хэмээн хариулжээ. Улмаар зоогийн газрын эзэн цагдаад хандаж, цагдаагийнхан хуримын ёслолынхоо тооцоог хийгээгүй залууг эрэн сурвалжлахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |