УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ипотекийн зээлийн олголт цаашид хэрхэн явахыг ард түмэнд тодорхой тайлбарлаж өгөхийг хүслээ.
Түүний асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “УИХ-аас өнгөрсөн оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа 2023 оны эхний хагаст багтааж ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхийг даалгасан. Энэ хүрээнд Төв банк, БХБЯ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, энэ оны 07 дугаар сарын 01-ээр тасалбар болгон ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх чиглэлээр ажилласан. Засгийн газар ямар субектдээ хүлээж авахаа нарийвчлан тохироогүй. 2024 онд багтааж Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл зээлийн хөтөлбөрийг Төв банк авч явах бодлогын шийдэлд хүрсэн. Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл бондын өмчлөлийг Төв банк хариуцна.
Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжсэнээс хойш 115 мянган өрхөд зээл олгогдсон. Нийтдээ 7.2 их наяд төгрөгийн зээл гарсан. Одоо 6.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Арилжааны банкуудад 17 000 өргөдөл хүлээгдэж байгаа. Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх буюу жилдээ 600-700 тэрбум төгрөгийн зээл гаргасан тохиолдолд хүлээгдэж байгаа хүсэлтүүд шийдэгдэнэ.
Энэ оны төгсгөлөөс эхлээд төв банк ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд УИХ-аас эрх олгосон тогтоол, түүнтэй адилтгах эрхзүйн шийдвэр гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ шийдвэрийг гаргаад өгвөл Төв банк ипотекийн зээлийг хэрэгжүүлээд явна" гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Зээл, зээлийн хүү монголчуудын амьдралд хамгийн их хүндрэл үүсгэж байна. Иргэд зээлээс зээлийн хооронд байна. Зээлийн хүү 18-24 хувь байна.
УИХ өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Энэ хуулийг батлахдаа өөрийн эх үүсвэртэй гадны томоохон банкийг Монгол Улсад орж ирэх боломж бүрдэнэ гэж үзсэн. Ингэснээр зээлийн хүү буурч, иргэдийн амьдралын чанарт нөлөөлнө гэж үзсэн. Энэ хууль хэрэгжээд нэг жил өнгөрлөө, Монголд гадны банк орж ирсэнгүй. Энэ чиглэлээр Монголбанк тааруу ажиллаж байна. Монголбанк хэн өргөдөл өгөх бол гэж хүлээх биш гадны банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголд гадны банк орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ чиглэлээр Монголбанк юу хийв? Өнөөдрийн байдлаар Монголд орж ирэхээр судалж байгаа банк байна уу?
Гадны банк орж ирэхэд Монголбанкны идэвхтэй үйл ажиллагаа дутагдаж байгааг зориуд тэмдэглэж хэлмээр байна.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Зээлийн дундаж хүү 16.4 хувьтай байна. Олон жилийн туршид бага багаар буурч байгаа. Зээлийн хүүг захиргааны актаар эсвэл хууль батлаад буулгахад хүндрэлтэй. Зээлийн хүү буурахгүй байгаагийн үндсэн нөхцөл нь арилжааны банкуудад хангалттай эх үүсвэр байхгүйтэй холбоотой. Хангалттай эх үүсвэрийг бий болгохын тулд гадаад зах зээлээс мөнгө татах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, банк санхүүгийн байгууллагыг Монголд оруулах бодлогын шийдэл зайлшгүй шаардлагатай байгаа.
Энэ хүрээнд Төв банкнаас гадаадын банк санхүүгийн байгууллагатай уулзалт хийгээд явж байгаа. Одоогийн байдлаар гадаадын банкнаас Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт ирүүлээгүй байна.
Одоо Монгол Улсад гадаадын хоёр банкны төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Энэ төлөөлөгчийн газруудтай тогтмол уулзалт хийж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр ярилцаж байгаа. Мөн БНСУ-ын банкуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Төв банкны Ерөнхийлөгчийн БНСУ-д ажиллаж байгаагийн одоогийн гол зорилго ч БНСУ-ын банкуудыг Монгол Улсад оруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлтэй байгаа.
Уншиж байна |