БНСУ-ын Daewoo Bus компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой асуудлаар албаны хүмүүс тайлбар хийж байна.
Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван "Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.
Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүЙ" гэлээ.
Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Өнөөдрийн байдлаар цахилгаан 55 автобус орж ирээд үйлчилгээнд явж байгаа евро брэндийн 100 автобус орж ирсэн. Цахим орчинд сэдэв болсон 80 автобусыг газар дээр нь очиж үзлээ. Бидний зүгээс Daewoo Bus компанийн үйлдвэрээс нийлүүлсэн автобус шинэ үү, хуучин уу гэх асуудлаар мэргэжлийн хүмүүс хяналт хийлгэхээр болсон. Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдийн ципр нь латин үсгээр тодорхойлогдсон байна. Арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн давтамжтай ашиглагддаг. 1992 онд ашиглагдсан бол 2022 онд дахин ашиглагддаг гэсэн үг" гэлээ.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн газрын дарга Б.Тамир " Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хуучин автобус гэдэг нь тогтоогдвол МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаана. Гэхдээ хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна" гэлээ.