Бүгд Найрамдах Уулын Карабах буюу албан ёсоор Бүгд Найрамдах Арцах Улс ирэх оноос оршин тогтнохоо болих гэнэ. Энэ талаарх мэдээллийг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Уулын Карабах Улс 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн оршин тогтнохоо болих тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Самвел Шахраманян гарын үсэг зурсан байна.
Энэ зарлигт Карабахын ард түмний аюулгүй байдал болон ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, Оросын энхийн сахиулах хүчний зуучлалаар Азербайжаны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээг харгалзан, төрийн бүх байгууллагыг 2024 оны нэгдүгээр сарын нэгнийг хүртэл татан буулгаж, энэ өдрөө Бүгд Найрамдах Арцрах Улс оршин тогтнохоо болих шийдвэр гаргасан талаар өгүүлжээ.
Ингэснээр тус улс Азербайжантай нэгдэж байгаа юм. Энэ тушаал нийтлэгдсэн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болох аж. Ийнхүү 30 орчим жил үргэлжилсэн сөргөлдөөн дуусгавар болж байна. 2017 оныг хүртэл Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгдэж байсан Бүгд Найрамдах Арцах Улс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахт орших улс юм. Тус улсын хүн амын дийлэнх нь арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын хоёрны өдөр Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь Абхаз, Өмнөд Осети, Транснистрийн хамт хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг.
Уншиж байна |