Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ээлжит томилгоог хийгдсэн байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Ганхүүг томилжээ.
Нийслэлийн төсөв санхүүг хариуцдаг газар буюу Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээс эхлээд дарга нь хүртэл дэвшсэн нэгэн бол Э.Ганхүү юм. Түүний хувьд 2001 онд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт ахлах нягтлан бодогчоос ажлын гараагаа эхлүүлж байсан. Ийнхүү 19 жил нийслэлд ажиллаад 2020 оны намраас эхлэн Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга болсон. Э.Ганхүүгийн хувьд 20 гаруй жил төрийн албанд үүнээс 10 гаруй жилд нь дарга хийсэн нэгэн юм. Тэгвэл энэ хугацаанд түүний хөрөнгө орлого хэрхэн нэмэгдсэн болохыг АТГ-ын 2022 оны ХОМ-ийн мэдээллээс хүргэе. Түүний хувьд хувьдаа ямар нэгэн бизнесгүй, өр зээлгүй гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ.
Шинэхэн Төрийн нарийний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ. Тэрбээр НЭГ тэрбум 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тодруулбал, хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Таван жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ 750 сая төгрөг байсан бол 2019 онд тэрбум болсон хэмээн мэдүүлжээ. Сонирхолтой нь түүний үл хөдлөхийн үнэлгээ ийнхүү огцом нэмэгдэхэд Э.Ганхүүгийнх гэр бүлээрээ жилдээ 135 сая төгрөгийг олж байв. Мэдээллийн эхэнд дурьдсанаар түүний хувьд өөрийн бизнесгүй.
Мөн дээрээс нь нийслэлд багагүй хугацаанд удирдах албан тушаал хашсан түүнд эзэмших эрхтэй ГУРВАН газар бий. Үнэт эдлэл нь 53 сая төгрөг, машин нь 120 сая төгрөгөөр үнэлэгддэг. Ийнхүү төрийн албанд насаараа шахуу ажилласан тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй бүсгүй Төрийн нарийн бичгийн дарга гэх ТӨРИЙН ӨНДӨР албан тушаалтны нэг боллоо.
П.ГОО