НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно.
Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.
Уншиж байна |