Үндэсний их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгааныг 130 сая төгрөгөөр засварласан байна. Жил бүр л цэнгэлдэх хүрээлэнд их багаар засвар үйлчилгээ хийгдсээр ирсэн. Энэ хөрөнгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргадаг.
Дулааны улиралд төрөл бүрийн урлаг спортын арга хэмжээний хөл тасардаггүй. Мэдээж эдгээр арга хэмжээнүүд зохиогдоход төлбөр хураамж, түрээс төлж байгаа. Гэвч энэ мөнгөнөөс нийслэлд нэг ч төгрөг орж ирдэггүй боловч жил бүрийн наадмын өмнө төсвийн мөнгөөр засвар үйлчилгээ хийгддэг. Өнөөдөр Төв цэнгэлдэхийн 51 хувийг Т.Нямдаваа гэх эрхэм эзэмшиж буй. Жил бүрийн наадмаар төсвийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийлгэж, бүтэн жилийн турш ашигладаг байдал ийнхүү үргэлжилсээр байна.
Уг нь өнгөрсөн хавар хотын дарга "Төв цэнгэлдэх хүрээлэнг 49/50 хувиар менежментийн хувьчлалаар худалдаж авсан. Эргэн тойрон байгаа бүх газрыг зарсан. Тэр газрыг зарсан дүнгээс 49 хувь нь нийслэлд огт орж ирээгүй. 49 хувийг нэхэмжил. Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Ийм луйвар байж болохгүй шүү дээ. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч одоогоор хотын даргын үг биелэлээ олж шалгалт оруулж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Анх Төв цэнгэлдэх 31 га газрыг хамардаг байсан бол өнөөдөр 12,7 га газартай болсон нь бодит үнэн юм.
Уншиж байна |