Энэ жил бол гишүүдийн хувьд хариуцлагатай байх цаг үе. Дараа жилийн буюу 2024 оны сонгуулиар 126 гишүүний нэг болохын төлөөх өрсөлдөөнд оролцохын тулд намын удирдах түвшний хүмүүсээс илүү тойрогтоо нэр хүнд сайтай байх ёстой. Иймээс тэд тойргоо усалж эхэлжээ.
Хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж байгаа асуудал бүрээр байр сууриа илэрхийлж, асуулт асууж гэнэт "амь орсон" Д.Өнөрболор гишүүн баяр наадмын өдрүүд тойрогтоо үнэгүй үсчин эмч аваачсан байна. Тэрбээр энэ талаараа нийгмийн сүлжээндээ "БНСУ-ын Сувилахуйн сургуулийн шүдний эмч, дотрын эмч мэргэжлийн үсчин, мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ" хэмээн бичжээ.
Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй гишүүний хувьд хэдхэн жилийн дотор тэрбумтан болж, Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтсан. Улмаар МАН-ын уналтын үед гол санхүүжүүлэгчийн нэг болж, 2020 сонгуулиар Сэлэнгэ аймгаас нэр дэвшин гишүүний суудалд тухалсан байдаг. Тэгвэл ирэх сонгуулиар ч мөн тус тойрогтоо нэр дэвших зорилгоо хэрэгжүүлэхээр ийнхүү бэлтгэлээ базааж эхэлжээ.
Д.Өнөрболор нь анх “Royal castle”-ийг анх барьж өндөр үнээр борлуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ханшийг 500 мянгаас сая ам.долларт хүргэн огцом өсгөж байсан нэгэн. Түүнийг барилгын салбарт үнийн хөөс бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэх нь ч бий. Тэгвэл одоо гишүүдийн тойргоо услах өртгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бололтой. Тэрбээр ийнхүү БНСУ-аас үсчин эмч авчирч, тойргоо услан бэл бэнчингээ гайхуулав.
П.ГОО
Уншиж байна |