Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлээ.
Тэрбээр "Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ. Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ. Эзэнт гүрний гал голомт манай сайхан орон д морилон саатсан хүндэт зочид оо. Эрхэм хүндэт наадамчид аа.
Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зун энэ сайхан өдөр Монгол түмний хосгүй их баяр цэнгэл Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийд ганцхан Монгол наадам бол эх дэлхий, эцэг тэнгэр, эрдэмт хүмүүсний гурвалсан их баяр, хүн төрөлхтний үнэт өв, Монгол төрийн ой санамж, Монгол Үндэстний эв нэгдэл тусгаар тогтнолын бэлэгдэл, монголчуудын бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа билээ. Өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье
Тэнгэр заяат Монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ төв азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурсгасан бахдам сайхан түүхтэй билээ. Өнө эрхтний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавъяаг эзэн Чингис хаан залгамжилж, их Монгол улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн Монголын их амар амгаланг цогцлоон хүн төрөлхтний түүхэнд Монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн агуу үйл хэрэг нь Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, Монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.
1991 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 2021 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь Монголчууд бидний 20 дугаар зууны агуу их ололт амжилт шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ.
Эдүгээ манай улсын нэр хүнд байр суурь, олон улсын тавцанд өсөн бэхжиж , Монгол Улс дэлхий дахинд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэх болсон болсон Монголчууд бидний өнөө цагийн бахархал өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ "Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын хэмээн миний сэтгэл зүрхнээ холбоотой" хэмээн шүлгэлсэн байдаг. Тиймээс Монгол хүн бүр Их Монгол улсын гал голомтоо сахин суугаагаа гүнээ ухамсарлан, эзэн богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эвээ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм.
Шинэ зуун Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе.
Миний монголын ард иргэд ээ, өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жмлийн түүхт ойг тохиолдуулан Эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залж, суу алдар билэг сургаалийг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, Чингис хаан хаад язгууртны музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон билээ. Энэ үйл хэргийн үргэлжлэл болгон эдүгээгээс 800 жилийн тэртээ 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг буулгаж Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухайн Төрийн тэргүүн зарлиг гаргасан. Энэхүү монгол түмний их түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход УИХ, Засгийн газар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг баярын энэ өдөр ард олондоо дуулгахад таатай байна.
Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот, Монгол түмний эв нэгдэл сүр хүчний бэлэгдэл сайн цагийн угтал болон дахин сүндэрлэн босож, Монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд бадран мандаж байх болтугай.
Энэ бол Монголчууд бидний зуу зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм. Эрхэм хүндэт наадамчид аа, эрхэм хүндэт зочид оо, Аугаа түүхт нүүдэлчин гал голомтыг сахин суугаа Монголчууд бид төрт их шүтээн есөн хөлт цагаан тугаа Мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуутив наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард уул усаа баясган дэлхийд хосгүй Монгол наадмаа өнгө төгөлдөр цог жавхлан төгс эхлүүлж байна.
Хүчит бөхийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, армаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдыг эрчит сум хөх тэнгэртээ эсгэрч, саруул ухаант, өндөр заяат Миний монголын ард түмэн хотол олноороо, дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай
Уншиж байна |