Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулганд “Рио Тинто” группийн удирдлагууд оролцож, өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна. Таны өнөөдрийн танилцуулсан илтгэл Эдийн засгийн чуулганд оролцогчдын талархлыг хүлээсэн. “Рио Тинто” алсын хараатай компани, манай улсад хэрэгжүүлж буй төсөл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” баримт бичиг ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд зургаан сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс. 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна” гээд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд сэргээгдэх эрчим хүч болон говийн бүс нутгийг усжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
Уншиж байна |