С.Амарсайхан: Эх орон, эх дэлхий минь гамшгийн аюулгүй амар амгалан байх болтугай
2023-07-10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус манай улсад хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян болон эрүүл мэнд, онцгой байдлын салбарын 130 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Цар тахлын эхэн үед уг өвчний талаарх мэдээлэл хомс, эмчилгээ, оношилгоо тодорхойгүй, вакцин гараагүй үед Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээг гардан хэрэгжүүлж, өөрийн эрүүл мэнд, ахуй амьдрал, ар гэрээ умартан зүтгэж ирсэн эрүүл мэндийн салбарын нийт эмч, сувилагч, асрагч, ажилчид, онцгой байдал, цагдаа, тагнуул, хил, гааль, зам тээвэр, мэргэжлийн хяналт зэрэг төр, захиргааны бүх байгууллагын алба хаагчдадаа талархлаа илэрхийлье.

 

 

Мөн манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг үргэлж дэмжиж, заавар зөвлөмж, дэмжлэг үзүүлж ирсэн ДЭМБ-ын удирдлагад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Эх орон, эх дэлхий минь гамшгийн аюулгүй амар амгалан байх болтугай” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Өнгөрсөн гурван жил бид эрүүл мэндийн салбараас хэр хамааралтай амьдардаг вэ гэдгээ ойлгосон он жилүүд байлаа. Энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс маш шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч чадсанд баяр хүргэж, тэмдэглэмээр байна” хэмээгээд бусад улс орон таны улс орноос суралцахуйц хэмжээнд ажилласан гэдгийг онцлон хэлсэн юм.

ДЭМБ ковид-19 цар тахалтай тэмцсэн амаргүй хүнд жилүүдэд манай УОК, эрүүл мэндийн салбарынханд халдвартай тэмцэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тандалт судалгаа, лаборатори, эмнэл зүй гээд бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжаар хангаж хамгийн ойр ажилласан бол цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хулгайч нар байгаа цагт амар амгалан болохгүй
2023-07-11