Өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийн хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байдаг. Тодруулбал, дээрх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.
Уншиж байна |