Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагийн хооронд Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын зөрчил туйлдаа хүрч, Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа. Нэг өдөр гаран үргэлжилсэн Вагнерын бослого Орост багагүй хохирол учруулжээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, зургадугаар сарын 25-26-наас эхлэн орон нутгийн эрх баригчид Вагнер компанийн зэвсэгт бослогоос үүдэн дэд бүтцэд учирсан хохирлыг арилгах ажлыг эхлүүлсэн байна.
Бослогоос үүдсэн хохирол
Воронеж мужид буудалцаан гарсны улмаас энэ мужийн нэгэн тосгоны 19 байшин оногдож, М-4, Е-38 автозамууд эвдэрчээ. Донын Ростов хотод танк явсны улмаас 10 мянган квадрат метр зам эвдэрснийг хоёр өдрийн дотор засна гэж амлаж, ажлаа шуурхайлан эхлүүлснээр зургадугаар сарын 26-ны өдөр ажил дууссан байна. Харин Липецк мужид хуягт техникийн цуваа явсны улмаас эвдэрсэн замыг засах ажил үргэлжилж байна.
"Вагнер" хувийн цэргийн компанийн цуваа хотыг орхин гарсны дараа замын үйлчилгээний алба газар дээр нь ажиллаж, замын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Урьдчилсан байдлаар 10 мянган кв.м зам эвдэрсэн, хамгийн их хохирол амссан нь Буденновскийн өргөн чөлөө" гэж эрх баригчид мэдэгджээ.
Босогчид явж байсан, Воронеж мужийн М-4 замын хэд хэдэн хэсэгт эвдрэл гарсан байна. Бродовое суурингрийн ойролцоох Е-38 зам дээр иргэд зорчиж байх үед агаараас цохилт өгсөн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Энэ цохилтыг аль тал өгсөн нь тодорхойгүй,цохилтын улмаас нэг машин онхолдсон байна.
Вагнерын бослогоос үүдэлтэй хамгийнх ноцтой хохирол нь Воронеж дахь газрын тосны үйлдвэрт гарсан гал байлаа. Энд онгоцны түлшний нөөцлүүрийг Стрела зенит пуужингийн комплексоос харвасан пуужин онож, гал гарчээ. Энэ галыг унтраахын тулд гал түймэртэй тэмцэх галт тэрэг ашигласан байна. Вагнерчууд бослого гаргах үеэрээ Оросын армийн цэргийн техникийг сөнөөсөн тухай ч мэдээлэл гарч байсан.
Лента агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр болсон бослогын үеэр Воронеж мужид вагнерчууд хоёр нисдэг тэрэг, нэг онгоц буудаж унагажээ.Эхний нисдэг тэргийг Воронеж мужийн Елизаветовка суурингийн ойролцоо болсон мөргөлдөөний үеэр буюу зургадугаар сарын 24-ний өглөөний 05:00 цаг орчимд сөнөөсөн байна. Нисдэг тэрэгний нисгэгчид амьд гарчээ. Харин хоёр дахь нисдэг тэргийг Филоново суурингийн ойролцоо устгасан байна. Үүнээс нэг цагийн дараа Кантемировка сууринд пуужингаар Ил-22 онгоц харван сөнөөсөн байна. Энэ онгоц нь агаарын командлалын төв байсан бөгөөд онгоцонд тухайн үед 10 хүн байсан гэнэ.
Оросын албан ёсны хэвлэлүүдээр ийм мэдээлэл гарч байгаа бол олон нийтийн сүлжээгээр бослогоос үүдсэн армийн хохирол хавьгүй их байсан гэсэн мэдээлэл тархаж байгаа юм.
Олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллээр, Оросын армиа Ми-8МТПР гурван нисдэг тэрэг, Ми-8 тээврийн нисдэг тэрэг нэг, Ка-52 цохилтын нисдэг тэрэг, Ми-35М тээвэр байлдааны нисдэг тэрэг нэг, Ил-22 /агаарын удирдлагын пункт/ онгоц нэг гээд нийт зургаан нисдэг тэрэг, нэг онгоц алдсан байна.
Пригожиний эсрэг үүсгэсэн хэргийг хаагаагүй
Вагнер хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин вагнерчуудын ар талын хуаранд Оросын Батлан хамгаалах яам цохилт өгсөн гэж мэдэгдсэний дараа зургадугаар сарын 23-ны үдэш вагнерчуудын зэвсэгт бослого эхэлсэн юм. Пуужингаар цохилт өгсөн гэх мэдээллийг Батлан хамгаалах яам няцаасан ч Пригожин дайчдын хамт Донын Ростов руу хөдөлж байгаагаа мэдэгдсэн.
Зургадугаар сарын 24-ний өглөө гэхэд Донын Ростов хот бүхэлдээ Вагнер компанийн дайчдын хяналтад шилжсэн юм. Пригожин Батлан хамгаалахын сайд Шойгу болон Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай хэлэлцээ хийхээ хүлээж байна гэж мэдэгдэх үеэр вагнерчуудын цуваа М-4 замаар Москвагийн зүг хөдөлж байлаа.
Ингээд зэвсэгт бослого зохион байгуулсан хэргээр Холбооны аюулгүй байдлын алба Пригожинтой холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Владимир Путин Пригожиний үйлдлийг урвалт, "ар нуруунаас хутгалсан хэрэг" хэмээн мэдэгдэж байв. Улмаар бослогыг зохион байгуулсных нь төлөө шийтгэнэ хэмээж байлаа.
Улмаар бямба гарагийн үдэш Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн алба мэдээлэл хийж, Лукашенко Путинтэй тохиролцсоны дагуу Пригожинтой утсаар ярьж, бослогоо зогсоохыг ятгаж чадсан хэмээсэн юм. Пригожин ч үүнийг баталж, дайчид нь хээрийн хуаранруугаа буцаж байгаа хэмээн мэдэгдэж байв.
Үүний дараа, ням гарагт гарсан мэдээллээр, Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаана, бослогод оролцсон дайчдыг "фронт дээр байгуулсан гавьяаг нь бодолцон" хариуцлагад татахгүй хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн анрийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв. Гэсэн ч энэ мэдээлэл нь худал болохыг даваа гарагийн үдэш гарсан мэдээллүүд баталж байна.
Тодруулбал, РИА Новости агентлагийн мэдээлснээр, зэвсэгт бослого зохион байгуулсантай холбоотойгоор Евгений Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаагаагүй гэж Оросын Ерөнхий прокурорын газар мэдэгджээ. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлд зааснаар зэвсэгт бослого зохион байгуулсан, зэвсэгт бослогод идэвхтэй оролцсон этгээдэд 12-20 жилийн ял оноодог байна. Ялаа биеэр эдлээд суллагдсаны дараа дахин хоёр хүртэлх жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял эдэлдэг аж.
Сүүлийн жилүүдэд ОХУ-д энэ зүйл ангиар ял сонссон хүн гараагүй. Оросын шинэ үеийн түүхэнд зэвсэгт бослогод бэлтгэсэн хэргээр цорын ганц хүн ял сонссон бөгөөд энэ нь Тагнуулын ерөнхий газрын бэлтгэл хурандаа Владимир Квачков байлаа. Түүнийг зэвсэгт бослого, алан хядах ажиллагаанд бусдыг элсүүлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар 2013 онд буруутгаж, 13 жилийн хорих ял анхлан оноож байгаад эцэст нь найман жил болгон бууруулж байв.
Г.Бямбасүрэн