Хорватын Дубровник хотын дарга Мато Франкович дугуйтай чемодан хотод ашиглахыг хоригложээ. Энэ талаар turizm.ru мэдээлсэн байна.
Дугуйтай чемодан ашиглахыг хориглох болсон нь ийм чемодан чирж явах үед гардаг дуу чимээнээс үүдэлтэй аж. Ингээд энэ зунаас эхлэн жуулчид чемоданаа гагцхүү өргөж авч явах шаардлагатай болсон гэнэ. Цаашлаад 11 дүгээр сараас энэ хориг үйлчлэх бүсчлэлийг өргөжүүлэх юм байна.
Дубровник хот нь Хорватад төдийгүй Европ даяар жуулчид хамгийн ихээр зорьж очдог газруудын нэг. Тиймдээ ч энэ хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хотын оршин суугчдын амгалан тайван байдлыг хангахын тулд эрх баригчид тодорхой хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Дээр өгүүлсэн, дугуйтай чемодан чирэхийг хориглосноос гадна, жуулчдыг олон нийтийн газарт унтах, хөшөө дурсгал руу авирах, хамгаалалт бүхий олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
Г.Бямбасүрэн