Бээжинд “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форум болно
2023-06-26

Монгол улсад он гарснаас хойш  223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн тухай БОАЖЯ-аас мэдээллээ. 

 

 

Энэ нь төлөвлөснөөс 78,9 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНКазакстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлт юм. "Чингис хаан" агаарын тээврийн боомтоор 38,1 хувь нь хүрэлцэн ирсэн бол Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялсан.

Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн  байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж дүгнэж байна. 90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 23 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа.

Дотоодын нислэгийг сэргээж, тогтмолжуулах нь аяллыг төлөвлөх, олон улсад зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Орон нутгийн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд,  Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд нислэгийг сэргээж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар нисэх юм.

БОАЖЯ-аас “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд“Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум”, “Япон - Монголын аялал жуулчлалын форум-2023” -ыг амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин