Британийн уран бүтээлч Элтон Жон эх орондоо сүүлчийн тоглолтоо хийжээ. Тэрбээр шүтэн бишрэгчдэдээ зориулсан сүүлчийн тоглолтоо Гластонбери хөгжмийн наадмын үеэр толилуулсан байна.
The Mirror сонины мэдээлснээр, Элтон Жонд наадмын хамгийн нэр хүнд бүхий талбай болох Pyramid Stage-ийг гарган өгсний дээр энэ онд Гластонбери наадмыг хаах хүндтэй үүрэг оноосон гэнэ. Өдгөө 76 настай Элтон Жон тайзнаа алтлаг өнгийн чимэглэлтэй костюм, өөрийнх нь нэрийн хуудас болсон нүдний шилтэй гарч ирсэн аж. Ингээд тэрбээр хит болсон дуунуудаа төгөлдөр хуур даран дуулсны дээр тайзнаа түүнтэй хамт олон алдартан уран бүтээлээ хүргэжээ.
Энд дуулгахад, тэрбээр саяхан Farewell Yellow Brick Road Tour хэмээх сүүлчийн аялан тоглолтоороо дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Зургадугаар сарын 14-ний байдлаар буюу аялан тоглолт нь дуусаагүй байхад Элтон Жон 887 сая долларын орлого олжээ. Хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар, Элтон Жоны сүүлчийн аялан тоглолтын орлого нэг тэрбум долларыг давж магадгүй гэнэ. Түүний аялан тоглолтын сүүлчийн тоглолт 2023 оны долдугаар сарын наймны өдөр болох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |