Төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлын эхлүүлж байгаагаа салбарын яам мэдээлсэн.
Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип цахим гэрчилгээг суурилуулахаар болсон. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем юм. Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг, нэгдсэн хяналт, зохицуулалтыг бий болгох, тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.
Тэгвэл энэхүү санг бүрдүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас 8.4 тэрбумын өртөгтэй тендер зарласан байна. Тендерийн баримт бичиг тусганаар дээрх хөрөнгөөр RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэхөөр төлөвлөжээ. Олон улс, улсын чанартай авто замд RFID технологид хяналт тавих тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID tag) худалдан авах, системийн сервер, тоног төхөөрөмж, Удирдлагын төв байгуулахад дээр хөрөнгийг зарцуулах юм.
Анхаарал татах нэг зүйл нь Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны төсвийн жилд хийгдэх ажил, худалдан авах төлөвлөгөөнд дээр зардал багтаагүй байна. Тэгэхээр чухам ямар эх үүсвэрээс энэ хөрөнгө гарч тендер зарласан нь анхаарал татаж байна. Тендерийн баримт бичигт хөрөнгийн эх үүсвэр бусад буюу тодорхойгүй байгаа юм.
П.ГОО
Уншиж байна |