Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ыг үндэслэгч, Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожин болон Оросын Батлан хамгаалах яамны сөргөлдөөн баасан гарагт туйлдаа хүрсэн юм. Зургадугаар сарын 23-ны үдэш Пригожин мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тушаал өгснөөр вагнерчуудын хуаранд пуужингаар цохилт өгсөн хэмээсэн байна. Үүний дараа Пригожин "шударга ёсны марш" эхлүүлэхээ амласныг олон хүн цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзжээ. Улмаар Оросын Холбооны Аюулгүй байдлын алба Пригожиний эсрэг зэвсэгт эргэлт хийхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Зарим хэвлэлийн мэдээлснээр, вагнерчууд Донын Ростовт Батлан хамгаалах яамныхантай хэлэлцээ хийхээр хүлээж байгаа гэнэ. Гэхдээ тэд хэдийнэ Москва руу хөдөлсөн гэсэн мэдээлэл ч гарч байгаа юм. Ямартай ч Оросын хэвлэлүүдийн Телеграм хуудсан дахь мэдээллүүдээс харахад, Москва, Ростов, Воронеж зэрэг нутгуудад алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа зарлаж, хуягт техникүүд хотын гудамжаар явж, хяналтын пост гарч, замуудыг хаан, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид сануулжээ.
Орост өрнөж буй энэ үйл явдлын талаар Путинд илтгэсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байлаа. Улмаар Москвагийн цагаар 09.00 цагт Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл гарсан юм. Харин энэ мэдээллээ 09.00 цагт биш нилээн хожуу буюу Улаанбаатарын цагаар 15:00 цаг өнгөрч эхлүүллээ.
Тэрбээр Оросын ард иргэд, цэргүүд болон хүчний байгууллагад хандан мэдэгдэл хийсэн юм. Путин Пригожиний үйлдлийг ар нуруу руу хутгалсан хэрэг, нийгмийг хагалан бутаргах гэсэн оролдлого хэмээн нэрлэсэн байна. Түүний мэдэгдлээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Путин ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө Оросын Батлан хамгаалах яам вагнерчуудад хандан мэдэгдэл хийсэн юм. Хөлсний дайчдыг Пригожиний гэмт хэргийн үйлдэлд хуурч мэхлэн оруулж, зэвсэгт бослогод уруу татаж байгаа хэмээн Батлан хамгаалах яам онцолж, аюулд орсон бол БХЯ-д шууд хандаж болно хэмээн вагнерчуудад уриалж байв.
Г.Бямбасүрэн