УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлосон цагаасаа 30 минут хоцорч эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Одоо чуулганаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж , 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн зорилт тусгасан.
Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцсэн байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсныг Х.Нямбаатар сайд танилцуулав. Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан авлигатай тэмцэх ажилд ахиц гарч тодорхой үр дүнгээ өгсөн. Үүний зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай зарим үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байгаа гэв.
Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн гэжээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.
Иймд дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн зорилтот хөтөлбөрт хамаарч байгаа юм байна. Хөтөлбөрийн төслийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн төслийг авлигатай тэмцэх талаарх төрийн бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цогцоор авч үзэн, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас 2023 онд зарласан авлигатай тэмцэх “5Ш ажиллагаа” зэрэг арга хэмжээтэй уялдуулан тодорхойлсон байна.
Хөтөлбөрийн төсөлд нийт 10 зорилго, 46 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 203 үйл ажиллагааг тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон нийт үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэх юм байна. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээгээр оноо жил бүр өсөж, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхжинэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Дараа нь байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хөтөлбөрт гол юм байхгүй байна. Бизнест төрийн оролцоог багасгая, зохистой болгоё гэдэг зорилго алга байна. Төр орох орохгүй бүх бизнесийг хийгээд булаацалдаад төрийн эрх мэдэлд асар их хөрөнгө мөнгө төвлөрөөд төрийн албан хаагчид тэр мөнгийг нааш цааш нь гувчуулах бололцоо гараад байх юм бол яаж ч авлигатай тэмцээд нэмэргүй. Тэр санаа хөтөлбөрийн улаан шугам байж, захирагдаж баймаар байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ц.Мөнх-Оргил гишүүн зөв асуудал хөндөж байна. Танхимд байгаа гишүүдийн дийлэнх нь АТГ үйл ажиллагаа гэдэг бол ял шийтгэлийн бодлогыг чангатгах, мөрдөн шалгах үйл ажиллагааны процессыг хялбаршуулах, хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт агуулга төдийхнөөр ойлгож байхыг үгүйсгэх аргагүй. ОУ-д Авлигатай тэмцэх үйл ажиллагааг дараах 13 шалгуур үзүүлэлтээр авч үзэж байна.
Манай улс эрсдлийн үнэлгээгээ ахиулж чадахгүй байна. 1993 оны Дампуурлын хуулиа өөрчлөхгүй бол санхүүгийн харилцаа эрсдэлтэй гэдгийг гадаадын байгууллагууд зөвлөөд байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл шинэчилж чадаагүй байна. УИХ-д өргөн бариад жил гаран болсон. Хэлэлцэх эсэх нь л шийдэгдсэн.
Эдгээрээс Авлигатай тэмцэх гэхээр зөвхөн шударга ёсны үнэлгээгээр дэлхийд хэдэд жагсаж байгаагаар бодлогоо чиглүүлээд байгаа нь алдаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Нийгмийн соён гэгээрүүлэлтийн үйл ажиллагааг идэвхтэй явуулах ёстой. Хөтөлбөрийн гол агуулга үүн дээр төвлөрөх ёстой. Эдийн засагт төрийн оролцоог бууруулах хязгаарлах зүйлүүд орох хэрэгтэй. Улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг маш сайн хязгаарлаж, хумих ёстой. Хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ?
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Гадаадын банкны төлөөлөгчийн газар болон гадаадын банкны үйл ажиллагааг дэмжиж оруулж ирж байж хямд эх үүсвэрийг татах бололцоо бүрдэнэ. Банкны үйл ажиллагааны зардалд нөлөөлдөг хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Зээлийн маргаантай холбоотой асуудал дунджаар 4,5 жил, шийдвэр гүйцэтгэлтэйгээ нилээн өснө. Хамгийн уртдаа зээлийн маргаан 16 жил шийдэгдсэн байдаг. Энэ нь банкыг хямд эх үүсвэрийг бусад бизнесийг санал болгоход төвөгтэй байна. Иймээс маш олон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Уншиж байна |