ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн мягмар гаригт төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. Тэрбээр өнөөдөр газар дээр нь ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Гангийн үйлдвэр баригдахгүй байгаагийн шалтгаан юу бол?
-Бид Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан 77 га газарт ирээд байна. Өмнө нь концесс хэрэгжүүлэхээр авсан нөхөд газрын асуудал шийдэгдээгүй учраас концесс хэрэгжээгүй гэсэн тайлбар өгдөг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нойтон баяжуулах үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулж чадсангүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго руугаа алхам хийж чадсангүй.
Олборлолт болон үйл ажиллагааны татвараа төлөөгүй, өнөөдрийн байдлаар 800 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Татварын өр нь 350 тэрбум төгрөг, үлдэгдэл 350 тэрбум төгрөг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр ХХБ-аас авсан зээлийн өр төлбөр байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3 орчим сая тонн хүдрийг олборлож, тээвэрлэх боломжтой. Гэтэл үүний 800 мянган тонн төмрийн хүдэр нь ХХБ-аас авсан зээлийн барьцаанд байна. Ийм өр төлбөртэй учраас гангийн үйлдвэр байгуулах хөрөнгө босгоход хүндрэлтэй байна. Төр авахаас өмнө үүссэн 800 тэрбум төгрөгийн өр энэ үйлдвэрт менежемент хийж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Тиймээс өр төлбөрийг барагдуулах чиглэлээр хууль хяналтын байгууллагад хандсан үйл ажиллагаандаа илүү анхаарах хэрэгтэй байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр 350 тэрбум төгрөгийн зээл аваад Кью Эс Си ХХК-ийн дансанд шилжүүлж авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг орж ирээгүй, зээл нь төлөгдөөгүй байна. Дээр нь татварын өр болох 350 тэрбум төгрөгийн өрийг бас шийдвэрлэх ёстой. Татварын байгууллага акт тавиад олон жил болж байна.
- Кью Эс Си ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалт хийж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн гэж мэдэгдээд байгаа?
-Кью Эс Си ХХК концессоор авснаас хойш нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Концессоор авсныхаа дараа төмрийн хүдэр олборлох 50 км төмөр зам, 90 км авто зам, цахилгааны шугам татах ажлыг хийсэн. Гэхдээ барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс болгон өөрчилж, төлбөрөө төрөөс бүрэн авсан. Харин ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмч хөрөнгө, лиценз, ордыг барьцаанд тавьж, зээл аваад Кью Эс Си ХХК авчихсан.
Дээр нь төр хураан авах шийдвэр гарахаас өмнө 40 гаруй сая ам.долларын төмрийн хүдрийг урьдчилж зараад, мөнгийг нь авчихсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 40 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх өрөнд унасан. Энэ бол төрд учирсан хохирол.
Төрийн өмчийг эзэнгүй мэт аашилж байсан хэсэг бүлэг этгээдүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санаанд оромгүй олон янзын луйвар хийсэн. Нийт дүнгээрээ улсалд болон ард түмэнд 2.6 их наяд төгрөгийн хохирол болон алдагдсан боломжийг учруулсан.
-Засгийн газар концессын гэрээгээ гэнэт цуцалсан гэх асуудал яригддаг?
-Засгийн газар бүрэн хувьд шилжсэн байсан, хувийн үйлдвэрийг булааж авсан асуудал огт байхгүй. Төрөөс 30 жилийн хугацаатай концессын гэрээгээр авсан этгээдүүд зорилгоо хангахгүй найман жил ажилласан. Энэ хугацаанд зөвхөн төмрийг хүдрийг экспортод гаргаж, зарж борлуулах ажлыг хийсэн.
Мөн энэ хугацаанд төмрийн хүдрийг дэлхийн зах зээлийн ханшнаас илүү хямд үнээр, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр зарж борлуулсан. Хямд өртөг нь Монголд орж ирдэг. Харин дэлхийн зах зээлийн өртгөөр борлуулсан мөнгө хаашаа явсан вэ? Хааныхын оффшор дансанд байршсан вэ, гадаадад ямар хөрөнгө болсныг хууль хяналтын байгууллагатай хамтарч тогтоох ёстой.
Б.Хэрлэн