Энэ оны гуравдугаар сард Оросын дэд хурандаа Дмитрий Лисицкий амиа хорлосон юм. Түүнийг Оросын хэвлэлүүд фронт дээр амь үрэгдсэн гэж мэдээлж байсан ч гуравдугаар сарын 26-ны өдөр түүний цогцосыг Ставропол дахь гэрээс нь олсон бөгөөд дэд хурандаа өөрийгөө буудаж, амиа хорлосон байсан гэнэ. Лисицкий Оросын баатар цолтой нэгэн байсан, мөн ийнхүү амиа хорлохоосоо өмнө цэргийн ажиллагааны бүтэлгүйтлийн талаар Путин, Шойгу нарт илтгэл хүргүүлж байсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Лисицкий 2022 онд Николаев руу хийсэн Оросын армийн бүтэлгүйтсэн давшилтад оролцож байсан аж. Энэ давшилтыг генерал Аркадий Марзоев командалж байсан бөгөөд давшилт бүтэлгүйтсэн ч генерал тушаал ахиж, ээлжит шагналаар шагнагдаж байсан гэнэ.
Харин Лисицкий Ставраполь дахь 247 дугаар десант давшилтын хороонд 30 жил алба хаажээ. Тэрээр 1993 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан байхдаа цэрэгт татагдаж, улмаар цааш гэрээгээр цэргийн алба хаах болсон аж. Лисицкий Чечений дайнд оролцож, Босни Герцеговин дахь энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтаж, 2008 оны Орос, Гүржийн дайнд ч оролцож явжээ. Түүний удирдлаганд байсан цэргийн алба хаагчид Лисицкийг сайн командлагч, "энгийн байлдагч байсан учраас цэргийн ахуй амьдралыг сайн мэддэг байсан" хэмээн үнэлдэг аж.
Орос Украин груу халдахын өмнө түүний удирддаг 247 дугаар хороог Крым рүү татан байршуулжээ. Ингээд Херсоноор дамжин Николаев, Одесс руу давших өмнөд цэргийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд энэ хороо орсон аж. Давшилтыг генерал Аракдий Марзоев удирдаж байсан гэнэ.
2022 оны хоёрдугаар сарын 24 буюу дайн эхэлсэн өдөр Марзоев 247 дугаар хорооны десантын цэргүүдийг хот руу хүрэх зам чөлөөтэй хэмээн хэлж Херсон руу давшилтад оруулсан байна. Гэвч десантын цэргүүд саадтай тулгарч, хүнд хохирол амсчээ. Хоёр хоногийн дараа нөхцөл байдал давтагдав, гэхдээ энэ удаад десантын цэргүүд Николаевын нисэх буудлыг эзлэн авахаар оролдсон аж.
"247 дугаар хороо ердөө хоёрхон өдрийн дотор 76 хүнээ алдаж, 140 хүн шархдан, байлдааны 10 машинаа устгуулсан" гэж "Тринадцатый" телеграм суваг мэдээлж байлаа. Харин Лисицкий Николаевын нисэх буудал дахь бүслэлтээс батальоноо ямар ч хохиролгүйгээр гаргаж, Ингулец голын хамгаалалтыг зохион байгуулж байсан гэж хамтран зүтгэгчид нь ВВС агентлагт ярьжээ.
Үүний дараа тэрбээр шархадсан тул амралтаа авч, Ставрополь руу эмчилгээнд явсан байна. Гэхдээ үнэн хэрэгтээ командлагч, генерал Марзоевтэй сөргөлдсөний улмаас амралтаа авч, эмчилгээнд явсан гэж гэрчүүд өгүүлжээ.
Ингээд Ставропольд байхдаа Лисицкий 247 дугаар хороо бут ниргүүлсэнд хэн буруутай талаарх илтгэл бичиж, үүнийгээ Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Валерий Герасимов, Ерөнхийлөгчийн захиргаа болон Батлан хамгаалах яаманд илгээсэн байна.
Ийм илтгэл бичсэний хариуд Оросын эрх баригчид ямар хариу өгсөн нь тодорхойгүй.
Лисицкийн хамтран зүтгэгчдийн өгүүлснээр, батальоноо Николаевын бүслэлтээс гаргасны дараа түүнийг дахин Оросын баатар цолонд тодорхойлно гэсэн яриа хорооныхны дунд гарч байсан гэнэ. Гэтэл ийм зүйл болсонгүй. Гуравдугаар сарын 26-ны өдөр Путин бүтэлгүйтсэн давшилтыг удирдаж байсан генерал Марзоевыг Невскийн одонгоор шагнасан бол мөн өдөр Лисицкий амиа хорложээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |