Францын нийслэл Парис хотын эрх баригчид хотын хөгжлийн шинэ төлөвлөгөөг батлажээ. Энэ төлөвлөгөөний дагуу хэт өндөр барилга барихыг хориглосон гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хотын хөгжлийн төлөвлөгөөнд 12-оос дээш давхар барилга барихыг хоригложээ. Ийм хориг тавих болсон нь "Гурвалжин" нэртэй 180 метрийн өндөр цамхаг олны дунд ихээхэн шүүмжлэл дагуулсантай холбоотой аж.
Үүнээс өмнө, 1977-2010 оны хооронд 209 метр өндөр Монпарнас барилгын улмаас мөн л өндөр барилга барихыг хориглож байв. Учир нь эртний сүм хийд, уламжлалт загвартай орон сууцнуудын дунд тэнгэр баганадсан барилга зохимжгүй харагдаж, хамгийн бүтэлгүй барилгуудын тоонд байнга орж байлаа.
Харин энэ хоригийг Бертан Деланоэ хотын дарга байх үедээ цуцалж, офисын барилгыг 180 метр, орон сууц 50 метр өндөртэй байхыг зөвшөөрчээ. Гэтэл 2021 онд "Гурвалжин" нэртэй шилэн цац суварга хэлбэрт барилга баригдаж эхэлсэн бөгөөд энэ барилга 2026 онд ашиглалтад орсноор хотын хамгийн өндөр гурван барилгын нэг болох аж. Шинжээчид 42 давхар энэ барилгыг хотын үзэмжийг бүхэлд нь гутаана гэж үзэж байгаа бол экологичид энэ том барилгын ашиглалтаас үүдсэн нүүрсөтөрөгчийн хаягдал асар их байна хэмээн эмээж байгаа гэнэ.
"Гурвалжин" хэмээх нэртэй энэ барилгаас үүдэн шинэ хориг тавьсан байна. Ингэснээр Парис хотод 37 метрээс өндөр барилга барихыг хориглох бол офисын барилгуудыг дагуул хотуудад барихыг зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |