Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.
Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй ажиллуулж, авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж, төрийн байгууллагын хэмжээнд Хэмнэлтийн хууль хэрэгжүүлсэн зэрэг арга хэмжэний үр дүнд эдийн засаг сэргэж, анх удаа улсын төсвийн орлого давж биелснээр тодотгол хийгээд байна. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно. Орон нутагт орон сууц худалдан авбал ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгуудын нээлттэй хөтөлбөрийг батлаад байна. Бие даан төсвөө бүрдүүлж байгааг аймгийн тоог нэмэгдүүлж, аймаг бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох зорилтыг Засгийн газар Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тавьж байна. Өнөөдрийн байдлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ Ховд” аж үйлдвэрийн парк, Дархан арьс ширний цогцолбор, Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд танилцууллаа.
Уулзалтад оролцсон малчид санал хэллээ. Тухайлбал,
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Б.Бямбажав: Малчид орлогоороо орон сууцтай болъё гэхэд банкны шаардлага өндөр, зээл шийдэгдэхэд удаан байна. Залуу малчдыг дэмжсэн, орон нутагт амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй байна.
Малчин бидэнтэй уулзаж, санал бодол сонсож байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Дандаа болж бүтэхгүй зүйл яриад байж болохгүй. Энэ Засгийн газарт талархууштай олон зүйл байгаа.
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ.
Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны таван хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна.
Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил: Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө гарч байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал, мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Бэлчээр маш их доройтож байна. Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна.
Баянхонгор сумын 3-р багийн малчин Т.Түмэндэмбэрэл: Малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүнд байна. Мөн хүүхдүүд зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа нь малчин гэр бүлүүдэд чирэгдэлтэй байгаад анхаарна уу. Малын эрүүл мэнд, вакцинжуулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй байна.
Малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс өөрсдөөс нь авч тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлээд санал асуулгад идэвхтэй оролцохыг зөвлөлөө.
Уншиж байна |