Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр хуульчлахаар тусгасан. ЕБС-ийн сурагчид гадаад хэл үзэх ёстой бол англи хэлийг зайлшгүй сурна. Бусад гадаад хэлийг сонголттойгоор суралцах боломжийг хуульд тусгасан. Харин хуулийн төсөлд хэддүгээр ангиас англи хэл сурах тухай тусгаагүй юм.
Гэвч “англи хэл үндсэн гадаад хэл байна “ гэсэн заалтыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй, унагалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа.
Монголын боловсролын тогтцолцоо хямрал, ялгаралд орсон байгааг БШУЯ-наас хийсэн удаа дараагийн судалгаа баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын боловсрол хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байна. Нөгөө хэсэг нь эндээ л байж байна.
Боловсрол тэгш бус байна. Бид боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Боловсролын багц хуулийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд байсан англи хэлийг үндсэн гадаад хэл болгох том заалт байнгын хорооны хуралдаанд уначихлаа. Энэ бол УИХ-ын чуулганаар анхдугаар хэлэлцүүлэгт дэмжигдсэн байсан заалт. УИХ-ын дэгийн тухай хуулиар байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналаар унавал дахиж ярина. Энэ хуулийн нэг том багана нураад уначихлаа.
Монголын боловсрол сайн байж, Монгол орны ирээдүй гэрэл гэгээтэй байна. Дэлхийн шинжлэх ухаан, бизнес, дипломиатын үндсэн суурь хэл болох англи хэлийг Монголын ард түмний үр хүүхдүүдэд ялгаварлахгүй сургах ёстой.
Энэ боловсролын хуулиас 10 жилийн дараа үлдэх хамгийн том өөрчлөлт бол энэ" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Байнгын хорооны гишүүдийн унагаасан "Англи хэл үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үлдээх боломжтой. Өөрөөр хэлбэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь байнгын хорооны саналыг унагааж, анхны төслийг дэмжвэл монгол хүүхдүүд англи хэлийг тэгш суралцах боломж бүрдэнэ.
Уншиж байна |