ОХУ-ын эрх баригчид оюутнуудыг дайнд оролцвол төлбөргүй сургана гэж амлажээ

ОХУ-ын эрх баригчид оюутнуудыг дайнд оролцвол төлбөргүй сургана гэж амлажээ

ОХУ Украин руу "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор довтолж, өнөөгийн дайныг дэгдээснээс хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан ОХУ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, хоригдлуудыг цэрэгт элсүүлж байсан бол энэ удаад оюутнуудыг "онилжээ". 

 

Тодруулбал, одоо их дээд сургуульд хувиараа төлбөрөө төлөн сурч байгаа оюутнууд Украины дайнд оролцвол 2023-2024 оны хичээлийн жилд улсын мөнгөөр суралцах боломжтой гэж ОХУ-ын шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэнийг The Moscow Times сонин дамжуулсан байна. Түүнчлэн дайнд оролцогчид элсэлтийн шалгалтын дүнгээр, тусгай квотын хүрээнд сонгосон мэргэжлээрээ их дээд сургуульд суралцах боломжтой болохын дээр бэлтгэл дамжаанд үнэ төлбөргүй суралцах эрх олгох гэнэ. 

 

Үүнээс өмнө Оросын зарим сургуульд оюутнуудыг дайнд оролцохыг уриалж байлаа. Тухайлбал, Оросын Эдийн засгийн дээд сургууль дайнд оролцсон хүмүүс болон тэдний ойрын төрөл төрөгсөд буюу хүүхэд, эхнэр, нөхөр, төрсөн ах дүүсийн сургалтын төлбөрийг чөлөөлнө гэсэн мэдээлэл тавдугаар сарын сүүлээр гарч байв. Энэ сургуульд одоо төлбөртэй сурч байгаа оюутнууд ч энэ боломжийг ашиглаж болно гэж Эдийн засгийн дээд сургууль мэдэгдэж байсан юм. Харин Оросын Хүмүүнлэгийн улсын их сургууль Украины дайнд оролцох оюутнууд эсвэл тэдний гэр бүлийнхэнд сургалтын төлбөрийн 20 хувийг чөлөөлж, 40 мянга хүртэлх рублийн тусламж үзүүлнэ гэж амлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сурахч зүйл байхгүй биз дээ:
Хоцрогдсон техник хийхийг л заах гээгүй юм бол өөр сурах юм дээд сургуульд нь байхгүйштээ. Дэлхийн хаана ч төгссөн диплом нь хэрэг болохгүй
2023-06-21
Иванууд алиа алдаж бна.Юу нь их гүрэн 2 д орох арми нохойн жогорхойнууд
2023-06-20
Асуулт:
Үхчихвэл төлбөргүй оршуулах уу
2023-06-20