2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод үл мэдэгдэх вирус тархаж, улмаар энэ нь коронавирус болох нь тогтоогдон дэлхий даяар тархан, цар тахлын хэмжээнд хүрч байлаа. Цар тахал эхэлсэн цагаас л эхлэн коронавирусийн үүслийг судлахаар олон орны эрдэмтэд ажиллаж, үүний зэрэгцээ коронавирусийг Уханийн лабораториас алдагдсан гэх зэрэг хувилбар ч ихээхэн яригдаж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп зэрэг томоохон улс төрчид Хятадыг буруутган, хоорондын харилцаагаа хурцатгаж байв. Хятадын эрх баригчид тухай бүрт ийм таамаглалыг няцааж, коронавирусийн тархалтад Хятадыг буруутгасан орнуудын эсрэг худалдааны дайн ч зарлаж байсан юм.
Коронавирусийн үүсэлтэй холбоотой энэ сэдэв цар тахал дуусах үеэр намжсан ч ковидоор өвдсөн анхны өвчтөн Хятадын эрдэмтэн байсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тархсантай холбоотойгоор дахин шуугиан тарьж байна. Энэ удаад, Хятадын эрдэмтэд коронавирусийг ашиглан цэргийн нууц туршилт хийж байсан гэх мэдээллийг Британийн The Sun сонин нийтэлжээ.
Тодруулбал, Хятадын эрдэмтэд Ухань дахь нууц лабораториудад цэргийн нууц туршилтуудыг хийж байсан, дэлхий даяар ковид-19 тархах үед Уханийн вирус судлалын хүрээлэн Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоо харилцаатай байсан нь үүнийг гэрчилнэ гэж АНУ-ын Төрийн департаментын цахим захидлуудаас иш татан The Sun сонин бичсэн байна.
Коронавирусийн талаар яригдах бүрт Уханийн лабораторийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Ши Жэнлигийн нэр дурдагддаг. Сарьсан багваахайны коронавирусийг олон жил судалснаараа "сарьсан багваахай эмэгтэй" гэх хочтой болсон түүнийг цэргийнхэнтэй холбоотой гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр энэ бүхнийг тухай бүрт нь няцааж байлаа.
The Sun сонины нийтлэлд өгүүлснээр, цар тахал эхлэх үеэр Хятадын эрдэмтэд цэргийнхэнтэй хамтран мутацлагдах вирус болон биологийн зэвсэг бүтээхээр ажиллаж байсан гэнэ. Уханийн лаборатори 2017 оноос хойш Хятадын цэргийнхэнд зориулан нууц судалгаа хийж байгаа гэж нийтлэлд онцолжээ.
Хэвлэлийнхний олж мэдсэн, АНУ-ын Төрийн департаментын цахим захидлуудын нэг дээр Уханьд Хятадын Ардын чөлөөлөх армийн “нууц” лаборатори байдаг гэсэн бол нөгөө дээр нь цар тахал эхэлсэн эхний өдрүүдэд Бээжин коронавирусийн талаар нууж байсан гэдгийг баталсан байна.
“Бээжин юуг ч нуугаагүй бол эхний дэгдэлтийг Хятадад л дарах боломжтой байсан” хэмээн захидалд өгүүлжээ.
Энэ захидлын талаар нийтэд ил болсны дараа U.S.Right to Know төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Гэри Раскин Ерөнхийлөгч Жо Байдены захиргаанд хандаж эдгээр цахим захидлуудыг бүтнээр нь нийтэд дэлгэхийг уриалсан байна.
Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод анх вирусийн дэгдэлт бүртгэгдсэн юм. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ДЭМБ энэхүү халдварын дэгдэлтийг эрүүл мэндийн салбар дахь онцгой байдал хэмээн зарласан бол үүний дараа, гуравдугаар сарын 11-ний өдөр энэ нөхцөлийг цар тахал хэмээн зарласан.
2023 оны зургадугаар сарын 15-ны байдлаар дэлхий даяар 767 сая өвчний тохиолдол, 6,9 сая нас баралт бүртгэгдсэн нь коронавирусийн цар тахал түүхэн дэх хамгийн хөнөөлт цар тахалд тооцогдох нөхцөл болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |