Хөдөлмөрийн насны хүн ам нь томоохон хотууд руу шилжиж, хүн ам нь цөөрсөн дэлхийн орнууд дотоодын төдийгүй гадаадын иргэдийг татахын тулд төрөл бүрийн хөтөлбөр зарладаг. Японд болон Италийн Сардинид эзэнгүй хаягдсан байшинг маш хямд үнээр санал болгож байсан бол Ирландын эрх баригчид шилжин суурьших хүмүүст мөнгө амлажээ.
Тодруулбал, Ирландад шилжин суурьших хүмүүст 80 мянган евро буюу монгол мөнгөөр 304 сая төгрөгтэй дүйх мөнгийг амалсан байна. Гэхдээ хотод амьдрах хүмүүст биш, харин алслагдсан арлуудын нэг дээр амьдрах хүнд энэ хэмжээний мөнгийг өгөх аж.
Мөнгө өгөх энэхүү хөтөлбөр нь хүн амын тоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн "Манай амьд арлууд" бодлогын шинэ схем аж. Энэ хөтөлбөр нь гол аралтайгаа гүүрээр холбогдоогүй 30 арал дээрх нутгийн хүн амыг хадгалж үлдэх зорилготой аж. Эдгээр арлууд дээр хүн амын тоог нэмэхээс гадна нутгийн эдийн засгийг төрөлжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнөий хүртээмжийг сайжруулж, амьдралын бусад салбаруудыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдахад багагүй шаардлагатай. Шилжин суурьшиж байгаа хүн нь аль нэг арал дээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ёстой бөгөөд энэ хөрөнгө нь 1993 оноос өмнө баригдсан, хоёроос багагүй жил эзэнгүй байсан байх ёстой гэнэ. Мөн хөтөлбөрийн хүрээнд авсан мөнгөө хүмүүс гагцхүү орон сууцаа засах, дэд бүтцийг сайжруулахад л зарцуулах эрхтэй гэж Time Out бичжээ.
Ирланд улс энэ төрлийн санаачилга гаргаж байгаа Европын цорын ганц улс биш. Өмнө нь Италийн Сардини сарын нэг еврогоор далайн эрэг дээр байшин түрээслэх, Калабри муж хэд хэдэн тосгонд шилжин ирсэн хүнд 28 мянган евро амлаж байв. Харин Швейцарын Альбинен тосгонд шилжин суурьшигчид насанд хүрсэн хүн бүр 20 мянган швейцар франк, хүүхэд 10 мянган франк авах боломжтой бол Испанийн Астурид шилжин ирсэн гэр бүлийн хос тус бүр 3000 евро, тухайн нутагт төрсөн хүүхэд бүрийнхээ тоогоор 3000 евро авах боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |