УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ.
Энэ ажлын хэсэг сонсгол зохион байгуулахгүй. Харин сонсгол зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах чиг үүрэгтэй юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нүүрсний сонсголыг Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо хийнэ. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар сонсголыг зөвхөн түр хороо хийдэг.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хийхээр Г.Ганболд гишүүний ахалсан ажлын хэсэг жил орчим ажилласан байгаа. Сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хуулийн байгууллагаас энэ сонсгол нь мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон асуудал яригдах учраас хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ сонсголд яллагдагчаар татагдсан хүмүүсийг оролцуулах асуудал бас байгаа. Сонсголыг үр дүнтэй явуулах үүднээс мөрдөх байгууллагын саналыг дагуу сонсголыг хойшлуулаад байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Уншиж байна |