МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцжээ. Багц хуулийг энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин: Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох заалтыг тусгасан. Мөн зөрүүг арилгана.
Монгол Улсад 223 000 малчин бий. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ хуулиар малчин өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл төрөөс 50 хувийг нь төлөх заалт орсон. Энэ нь нэг талдаа НДС-ийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын багц хуулинд Засгийн газар жил бүр итгэлцүүр баталж, тэтгэврийг инфляфитай уялдуулан нэмэх асуудлыг тусгасан. Жил бүр итгэлцүүр баталж, тэтгэврийн инфляцитай уялдуулан нэмэгдүүлээд байвал тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Нийгмийн даатгалын багц хуулинд хийсэн бас нэг том реформ бол энэ.
Бид нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг тэтгэвэр болгодог. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжинө. Мөнгөжүүлсэн нэрийн дансны тодорхой хувийг өвлүүлэх хууль эрхзүйн орчин нийгмийн даатгалын багц хуулиар бүрдэнэ.
Мөн хувийн тэтгэврийн даатгалыг бий болгож, санхүүгийн зах зээлд орж ажиллах боломжийг нээж өгсөн.
Нийгмийн даатгалын багц хууль энэ хаврын чуулганаар батлагдаж байж, 2024 оны төсөвт эдгээр зохицуулалтууд тусгагдах боломжтой.
ХНХЯ хуримтлалын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсэж, ипотекийн зээл зэрэг үйлчилгээнд зарцуулах боломжийг нээнэ.
Уншиж байна |