Зургадугаар сарын 18-нд Казахстаны Астана хотод банкны нэгэн салбарт дайран орж, ажилтнуудыг барьцаалсан хэрэг гарчээ. Энэ талаар Тэнгриньюс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг үйлдсэн этгээд нь 30 настай эр байсан бөгөөд банкны ажилтнуудыг барьцаалж, банкны бүх мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, орлого багатай хүмүүст туслах сан руу шилжүүлэхийг шаарджээ. Тэрбээр энэ шаардлагыг гурван цагийн дотор биелүүлэхийг шаардаж, эс биелүүлбэл банкны ажилтнуудыг хөнөөнө гэж сүрдүүлсэн байна. Ингээд хэргийн газарт Казахстаны Дотоод хэргийн сайд ирж, сэжигтэн эртэй хэлэлцжээ.
Банкны ажилтнуудын барьцаалсан тухай дуудлага ирсэн даруйд тухайн банкны салбар байрладаг байрыг бүслэн, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүний амь настай холбоотой хэрэг байсан тул банкны салбар руу тусгайгийнхан шууд дайрч орох боломжгүй байсан гэнэ. Хэргийн газарт Дотоод хэргийн сайд ирж, сэжигтэнтэй ярилцан, барьцааны хүмүүсийг сулласны дараа тусгайгийнхан байр руу нэвтрэн оржээ. Хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь эрүүгийн хэрэгт татагдаж байсан, мансууруулах бодисын хяналтын төвд хяналтад байдаг, хар тамхины хамааралтай нэгэн байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |