ОХУ Украинд дайн өдүүлсэн жил гаруйн хугацаанд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан юм. Улмаар армийн бүрэлдэхүүнээ нөхөхийн тулд хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, энэ үеэр олон мянган хүн хилийн чанад руу дүрвэж, харин Оросын эрх баригчид цэрэг элсүүлэхээр хорих газруудаас ялтнуудыг хөлсний цэрэгт гэрээгээр татах болсон. Энэ ажлыг өнгөрсөн жилээс эхлэн, Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний "Вагнер" хувийн цэргийн компани гүйцэтгэж байлаа.
Ийнхүү өмнө нь хоригдол байгаад дараа нь "Вагнер" компанитай гэрээ хийж, хөлсний дайчин болсон 32 мянган хүн Украин дахь дайнд оролцсоны дараа Оросын нутаг руу буцсан гэж Пригожин мэдэгджээ. Хоригдол байгаад хувийн цэргийн компанитай гэрээ байгуулж, Украинд дайтсан хүмүүс гэртээ буцсаныхаа дараа гэмт хэрэг ихээр үйлдэх болсон талаарх мэдээлэл олонтаа гарч байсан. Харин Пригожиний өгүүлснээр, 32 мянган хүнээс давтан хэрэг үйлдсэн хүн ердөө 83, энэ нь дайнд оролцоогүй, ялын хугацаагаа дуусгаад суллагдсан хүмүүсийн үйлдсэн гэмт хэргээс 80 дахин бага гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг батлах баримт байхгүй гэж "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Вагнер хувийн цэргийн компани нь Владимир Путиний ойрын хүн гэгддэг, Петербургийн бизнесмен Евгений Пригожиний үүсгэн байгуулсан компани юм. Хорих газруудаас татагдсан болон өөр бусад газраас гэрээ хийн энэ компанийн бүрэлдэхүүнд орсон хөлсний дайчид Украинтай хийж буй дайн болон Сири, Африкийн ажиллагаанд идэвхтэй оролцдог юм.
Вагнер компанийн дайчдыг олон цэргийн гэмт хэрэг, тэр дундуу шүүх ажиллагаагүйгээр бусдыг цаазалсан хэрэгт буруутгадаг. Пригожин энэ мэдээллийг няцаадаггүй, мөн хүлээн зөвшөөрдөггүй юм. Вагнер компани дэлхийн хэд хэдэн оронд гэмт хэргийн болон алан хядах байгууллагад тооцогддог аж.
Украины дайнд Вагнер компанийн оролцсон хамгийн том ажиллагаа нь Бахмутын давшилт байлаа. Тавдугаар сарын сүүлээр энэ хотыг эзлэсэн хэмээн Пригожин мэдэгдээд, дайчдаа ар тал руу татна хэмээж байв. Вагнерчууд фронт руу дахин хэзээ очих нь одоогоор тодорхойгүй байна.
Вагнер хичнээн хоригдол элсүүлж, хэдийг нь алдав?
Хоригдлуудыг цэрэгт элсүүлж байгаа талаарх мэдээлэл 2022 оны хавраас эхлэн хэвлэлүүдээр гарах болсон. Анх хоригдлуудыг Вагнер компани элсүүлж байсан бол дараа нь Оросын Батлан хамгаалах яам энэ ажиллагаанд нэгдсэн юм.
Оросын хорих газруудаас чухам хичнээн хоригдлыг хөлсний цэргээр элсүүлсэн талаарх үнэн бодит мэдээлэл үгүй. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн оны 9-11 дүгээр сарын хооронд хорих газрууд дахь хоригдлуудын тоо 23 мянгаар буурсан гэнэ. Үүний дараа, 2023 оны нэгдүгээр сард гарсан статистикаас харахад 11 дүгээр сараас хойш Оросын хоригдлын тоо 6000-аар буурчээ. Пригожиний мэдэгдсэнээр, Вагнер компани 50 мянган хоригдлыг цэрэгт элсүүлснээс 20 орчим хувь буюу 10 мянган хүн амиа алджээ.
Хоригдлуудыг дахин элсүүлэх ажил эхэлнэ гэсэн мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарч байлаа. Харин Пригожин энэ ажлыг түүний компани хийхгүй гэж мэдэгдэж байсан юм. Оросын хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, одоо энэ ажлыг Батлан хамгаалах яам гүйцэтгэж байгаа бөгөөд Оросын эрх баригчид хоригдлуудыг цэрэгт татах далд ажлыг ил болгон, хуульчлахаар зэхэж байгаа аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, Орост хоригдлуудыг нууцаар өршөөж, олноор нь фронт руу илгээх ажлыг гагцхүү Путин төдийгүй одоо Оросын шүүх ч хийж байгаа гэнэ. Сүүлийн саруудад Оросын шүүх дайнд явж, амьд үлдэн, Орост ирсэн хоригдлуудтай холбоотой 13 шийдвэрийг гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |