УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр
Өнөөдөр сонгуулийн хуулийг эцэслэн баталж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дутуугаа гүйцээж, Монголын улс төрд том гажуудал үүсгээд байсан асуудлыг бид засаж, залруулж чадсан. Үндсэн хуулийн өөрчлөлт маань эцсийн дүндээ органик, процессын хуулинд зөв сууж, үзэл санааг нь бодитой хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзлэл, зорилго байж бодитой хэрэгжинэ.
Эрх барьж байгаа нам сонгууль бүрийн өмнө өөрийн намдаа ашигтай байдлаар сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн. Өнгөрсөн найман сонгуульд давтагдсан. Сүүлдээ зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь дахиад өөрчлөлт хийж, бужигнуулдаг. Найман удаагийн сонгууль өөр өөр тогтолцоо, өөр өөр хууль, журмаар явж ирсэн. Сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад гацаа саад болж ирсэн түүх бий. Энэ асуудлыг нэгмөр цэгцэлж байна.
Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалд байлгахыг хүсэж байгаа олон эрх ашиг байна. Үүнд авталгүй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэгдмэл санал зорилготойгоор баталсан. Сонгуулийн тогтолцоо тарааж, бутаргадаг биш эвлэлдэн нийлүүлдэг, улс орны том эрх ашгийн төлөө нэгддэг боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож, сонгуулийн хуулиндаа суулгаж, баталгаажуулж байна. Тиймээс үймүүлэх зорилго, дүвүүлэх хүсэлд нь авталгүй, улс орны том эрх ашгийн төлөө гадаад, дотоод бодлогодоо нэгдмэл байх шаардлагатай.
Бид өнөөдөр өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтаас хулгаж болохгүй. Хамгийн их шүүмжлүүлж байгаа хүн бол хамгийн сайн ажиллаж байгаа хүн.
Сонгуулийн энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намуудын үзэл бодлыг тусгаж, баталлаа. Сонгуулийн хууль цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |